СОЁЛЫН АЖИЛТНУУД ЧУУЛЛАА
489 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн соёлын ажилтны чуулганыг Түдэвтэй суманд амжилттай зохион байгуулж, 24 сумын 160  гаруй соёлын ажилтан оролцлоо. Чуулганы үеэр соёлын бодлого үйл ажиллагаа,  мэдээ тайлан түүний хэрэгжилт, үр дүн, тухайн салбарт хэрэгжүүлсэн шинэлэг ажил үйлчилгээ, ажлын туршлагын талаар илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.

 

Энэ үеэр Түдэвтэй сумын нутаг дэвсгэрт байрлах Хөндлөнгийн өврийн хүн чулууны хайс хамгаалалтыг хийж, Тэлмэн сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Энхжаргалын бүтээл чулуун зэвсгийн үеийн эртний хүн чулуун барималыг хөшөөний дэргэд байрлууллаа. Мөн эртний хүний оромж болох урцыг бүтээж түүхийн сэдвийн хүрээнд дэглэн байршуулав. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй ард иргэдэд түүх соёлын дурсгалт зүйлээ хайрлан хамгаалах, эртний түүхийн уг гарвалыг судлах, нутаг орноороо бахархах орчныг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай юм.  Соёлын ажилтны чуулганыг сум орон нутагт анх удаа зохион байгуулсан нь алслагдсан суурингийн иргэдийн соёл урлаг, түүхийн дурсгалт зүйлийн талаарх  мэдлэг, мэдээлэл нэмэгдсэн  зэрэг чухал ач холбогдолтой байв. Сумдын Соёлын төв, музей, номын сангуудын албан хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай техник хэрэгсэл хүрэлцээгүйн улмаас ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирч буйг энэ үеэр уламжлав. 

 

2018-12-10 10:07:50