“Стандарттай Завхан” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй Завхан аймаг “Чанарыг эрхэмлэгч-Хэрэглэгчийн төлөө” өдөрлөг зохион байгуулж, 2018 оны чанарыг эрхэмлэгч шилдэг байгууллагуудаа тодрууллаа.
Зах зээлд өрсөлдөж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний амжилтанд хүрэх түлхүүрийг чанар гэж үздэг. Өөрөөр хэлбэл чанар нь баялаг бүтээгчийг хэрэглэгчтэй холбох итгэлцлийн гүүр болдог. Энэ жилийн Завхан аймгийн чанарыг эрхэмлэгч шилдэг байгууллагаар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр орон нутгийн зах зээлд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Завханбаялаг ХК, “Мөнхөд мандаг” ХХК шалгарав. “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн “Найдвартай түнш” байгууллагаар “Нутгийн үйлс” ХХК тодорлоо.
“Чанарыг эрхэмлэгч-Хэрэглэгчийн төлөө” өдөрлөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Завхан аймаг дахь салбар зэрэг төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион байгуулав.