ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Т.ДЭЛГЭРСАЙХАН: СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙГ 156 ИРГЭНД ОЛГОЖ, ЭНЭ ЖИЛ 26 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛГОЛОО
2419 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сум орон нутгийн бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар Завханмандал сумын Засаг дарга Т.Дэлгэрсайхантай ярилцлаа. 

 

Өнгөрсөн жил Завхан аймгийн говийн гурван суманд өвөлжилт нэлээд хүндэрсэн. Энэ жил газрын гарц ямар байв. Зуншлага, намаржаа ямар болов?

 

Өнгөрсөн 2017-2018 онд хур тунадас муутайн улмаас зун намартаа газрын гарц сайнгүй, өвөлжилт, хаваржилт хүндэрч маш хүйтэн өвөл боллоо. Гэсэн хэдий ч малчдад өвс тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр аймгийн Засаг даргын нөөц, улсын нөөцөөс олгож, эм тариа, эд материалын туслалцаа үзүүлж, манай ажилчид нэг өдрийн цалингаа хандивлаж, сэтгэл санааны дэм өгснөөр хүнд өвлийг гарз багатай даван тууллаа. Харин энэ жилийн тухайд сайхан зун болж налгар намар дуусч, өвөлтэй золголоо.

 

Хатуухан өвөл болсон өнгөрсөн жилээс сургамж авч энэ жил төв суурийн газрын болон мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлаа маш сайн базаасан болов уу?

 

Малчид маань өвөг дээдсээс уламжилж ирсэн аргаар тухайн жилээ шинждэг уламжлалтай. Хөгшчүүд “Энэ өвөл сайхан өвөл болно. Харин цас бага, малын ундны ус л хэцүүхэн байна даа” хэмээн хүүрнэж байна. Малчид өвс тэжээлээ өөрийн болон Ховд, Увс аймгуудаас татан авч  70   тонн өвс, 15 тонн гар тэжээл бэлтгэлээ. Төв суурин газрын өвлийн бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.

 

2018 онд сумынхаа иргэдийг ажилтай, орлоготой болгох, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллав. Хэдэн ажлын байр шинээр бий болгов?

 

Манай сумын иргэдийн дийлэнх нь мал аж ахуйн салбарт ажилладаг ч орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, малжуулахад анхаарч ажиллаж байна. Иргэд Завхан аймгийн бренд бүтээгдэхүүн болох Улиастай суманд тариалдаг улаан хальст сармисыг нутагшуулж, амт, үнэр, хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр амжилттай тариалж, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд тэргүүн байр эзэллээ. Энэ онд шинээр 26 ажлын байр бий болгоод байна.

 

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж байгаа. Завханмандал сумын иргэд ямар төрлийн үйлдвэрлэл эрхэлж байна. Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?

 

Манай сумын иргэд зүү ороох, гар урлал, зөөлөн оёдол, хонины ноосоор эсгий бүтээгдэхүүн хийх, талх нарийн боов, үхрийн махаар борц, цайны хужир бэлтгэх, цагаан идээгээ боловсруулан суманд ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ хэрэгцээг хангаж байна. Цагаан идээ боловсруулах арга нь их өөр. Ялангуяа Завханмандал сумын цагаан ааруулыг нутгаасаа алс амьдарч буй уугуул иргэд ихээр захиалж байна. Эдгээр үйлдвэрлэл явуулж буй иргэдийг сум хөгжүүлэх сангийн зээлээр дэмжин 2011 оноос хойш 156 иргэнд зээл олголоо.

 

Энэ онд танай сумын өнгө үзэмж хэрхэн өөрчлөгдөв. Завхан аймгийн 24 суманд хэрэгжүүлж буй “Миний гоё сум” төслийн хүрээнд сумаа хэрхэн гоёв?

 

“Миний гоё сум” төслийн хүрээнд сумаа үргэлж цэвэрхэн байлгахыг зорьж, төрийн албан хаагчид, багийн иргэдээр их цэвэрлэгээг хийлгэж хэвшлээ. Сумынхаа өнгө үзэмжийг тодорхойлж байдаг барилга байгууламжийн их засвар, гэрэлтүүлэг, хашаа хорооны өнгө үзэмжийг сайжруулахын зэрэгцээ сургуультай хамтран нийт төгсөгчидтэй уулзалт зохион байгуулж, 80 бүтээлч ажилд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэлээ. Манай сумын сургуулийг төгссөн 1710 хүүхэд байна. Эдгээр төгсөгчид маань маш идэвхтэй, сэтгэлтэй ажиллаж их бүтээн байгуулалтыг долоон сар хүртэл тасралтгүй хийж байхыг хараад сумын Засаг дарга миний сэтгэл их хөдөлсөн. Надад “баярлалаа” гэж нүд дүүрэн баярын нулимстай хэлэхээс өөр үг олдоогүй. Сум байгуулагдаад 97 жил болоход ард иргэдийг ингэж хөдөлгөж, өөрсдөө мөнгө гарган ажиллаж байхыг хараагүй гэж ахмад буурлууд маань ярьж байгаа нь сайхан байлаа. Танай сониноор дамжуулан сумынхаа нийт ард иргэдэд баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.

 

Завхан аймаг 2018 оныг “Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан. Завханмандал сумын төрийн албанд ямар өөрчлөлт гарав, энэ зорилтын хүрээнд ямар шинэлэг ажлууд санаачилан зохион байгуулсан бэ?

 

Манай аймаг 2018 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгосон нь цаг үеэ олсон ажил байлаа. Би төрд 30 жил удирдах ажил хийж, ахмад үеэсээ ихийг сурч, зөв дадал олж авсан хүний нэг гэж боддог. Одоо хойч үеэ төрд зөв бэлтгэх үүргийг хүлээгээд байна. Сумынхаа төрийн албан хаагчдаар бахархаж байна. Энэ жил төрийн албанд их өөрчлөлт гарсан. Төрийн алба хаагчид маань хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалт, тестийн шалгалтад амжилттай оролцож, ажлын хувцас, энгэрийн зүүлтээр жигдрэхээс гадна ажлаа зөв төлөвлөж, тайлагнах ажилд хүн бүр суралцлаа. Сарын цалингаа тооцохдоо цагийн бүртгэлээс гадна, хийсэн ажлаа тайлан зургаар баримтжуулж байна. Улсын хэмжээнд зохион байгуулсан төрийн албан хаагчдын шалгалтад маш сайн бэлтгэж, сумаараа 93.7 оноо авлаа. Энэ бол төрд ажиллаж байгаа албан хаагчдын хамтын хүч юм.

 

Улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хичнээн төгрөгийн хөрөнгөөр ямар ажлууд хийв?

 

2018 онд Улсын орон нутгийн төсвийн 256 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын их засварын ажил, 17.2 сая төгрөгөөр “Таван ламын худаг”-ийг шинээр гаргах ажлыг тус тус гүйцэтгэж, улсын комисс хүлээн авлаа. Аймгийн Засаг даргын зүгээс дөрвөн багийн Засаг даргад мотоцикль, зөөврийн компьютер олгож, нэг худгийн мотор насосыг шинэчилэн засварлаж өглөө. Орон нутгийн хөгжлийн сангийн 37 сая төгрөгийн санхүүжилтээр зургаан ажлыг хийж, ажлын гүйцэтгэл 85.7 хувь, төсвөөс авах нийт санхүүжилтын гүйцэтгэл 75.8 хувьтай байна. Хийсэн ажлуудыг товч дурдвал, Хүүхдийн цэцэрлэгийн урлагийн танхимыг 30 сая төгрөгийн хөгжим, техник хэрэгслээр ханган сурах, хөгжих орчныг бүрдүүллээ. Сумын онцгой комиссыг 1.3 сая төгрөгийн галын аюулаас сэргийлэх багаж, тоног төхөөрөмжөөр хангалаа. Сумын төвийг 11.7 сая төгрөгийн хөрөнгөөр бүрэн камержууллаа. Сумын аюулгүйн нөөцөд дөрвөн сая төгрөгийн өвс бэлтгэлээ. Төрийн баяр наадмыг таван сая төгрөгөөр зохион байгуулав. Сумын төвд 11.8 сая төгрөгийн хөрөнгөөр ногоон байгууламж барьж байгуулах ажил гүйцэтгэх шатандаа явж байна.

 

 Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ ямар онцлох ажлууд тусгав?

 

Манай сум Сум дундын эмнэлэгтэй, больницын барилгадаа ажилчид үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Иймд 2019 онд амбулаторийн барилгын зураг төсөв, аж ахуйн аргаар барьж актлагдсан Соёлын төвийн барилгын зураг төсвийг тус тус хийлгэх, Идэр эрчүүдийн чуулга уулзалт хийх, сумын нэгдсэн халаалт, цэвэр бохир усны зураг төсөв хийлгэх, худаг засварлах, шинээр гаргах, архивын өрөөг стандартын дагуу тохижуулах, дотуур байрын тохижилт, “Сайн баг”, “Сайн эмч”, “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппараттай болох, жимс, жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйг дэмжих зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ тусгаад байна.

 

Завханмандал сум ойрын жилүүдэд хэрхэн хөгжих вэ?

 

Ойрын жилүүдэд Улиастай-Завханмандал чиглэлийн хатуу хучилттай замтай болох, айл өрх, албан газруудыг нэгдсэн халаалтад холбох, спорт заалтай Соёлын төв барих ажлыг эхлүүлэх, айл өрхийг орон сууцжуулахад дэмжлэг үзүүлэх,  мал аж ахуйн салбарт төрөлжсөн судалгаа хийлгэж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, фермер хэлбэрээр хөгжүүлэх, жимс, жимсгэнэ тариалж, өрх бүрээ нэмэлт орлогын эх үүсвэртэй болох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Баярлалаа

 

 

2018-12-13 14:34:07