ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА А.БАЛЖИР: СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН БАЙРЫГ ШИНЭЧИЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
2769 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сум, орон нутгийн бүтээн байгуулалт цаг үеийн асуудлаар Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжиртай ярилцлаа

 

Сайхан  өвөлжиж  байна уу. Энэ  жил  нэгдсэн  халаалтад  холбогдсон  Эрдэнэхайрхан  сумын  хувьд  төв  суурин  газрын  өвөлжилтийн  бэлтгэл   жигдэрсэн  байх. Мал  аж  ахуйн  салбарын  өвөлжилтийн  бэлтгэлээ хэр базаав?

 

Манай сум 2018 онд төсөвт таван байгууллага, аж  ахуйн  нэгж, айл  өрхүүдээ төвлөрсөн халаалт,  цэвэр  усны  шугам  сүлжээнд  холбож,  төв  суурин  газрын  өвөлжилтийн бэлтгэл хангагдан халаалтын ажил жигдрээд байна. Нэгдсэн халаалтад  холбогдсоноор спорт  заал,  Соёлын  төв  зэрэг иргэдийн  чөлөөт цагаа  зөв  боловсон  өнгөрүүлэх, спорт,  соёл  урлагийн арга хэмжээнүүд шат дараатай  зохион  байгуулагдах байр хангамжийн  хүрэлцээ  сайжирлаа.

 

Манай сум 363.6 мянган  бэлчээрийн  талбайтай, 318 малчин  өрхтэй. Энэ  өвөл 181 өрх, суурьт 218.748 толгой мал өвөлжинө. Өнгөрсөн  хавар  сумын  хэмжээнд 48 мянган толгой төл  хүлээн  авсан ба  мал  сүргийг зах зээлд  борлуулах, өөрийн  хүнсний  дотоодын  хэрэгцээнд 40 гаруй мянган толгой  малыг  эдийн  засгийн  эргэлтэд оруулах тооцоо судалгаа гарч байна. Өвөлжилт, хаваржилтын  бэлтгэл ажил  хийх  төлөвлөгөөг  эртнээс гаргаж, малчид ард иргэдэд мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргүүлэн ажилласнаар отор нүүдлийг зэргэлдээх сумуудад болон газрын гарц сайтай нутгуудаар  хийснээр малын  тарга хүч сумын дүнгээр 80-аас дээш хувьтай байна.  Мөн  сумын  аюулгүйн  нөөцөд 50 тонн  өвс, 21 тонн  тэжээлийг  бэлтгэн Засгийн  газрын  тогтоолыг 71 хувиар биелүүлж, өвс тэжээлийн нөөцөө татан авлаа. Өөрийн  нөөц бололцоонд тулгуурлан малчид,  ард  иргэд 60 тонн  гар  тэжээл, 20 тонн үйлдвэрийн тэжээл нөөцөллөө.

 

Малчид  мал  аж  ахуйн  салбарт  хийсэн  шинэлэг  ажлуудаас хуваалцвал ?

 

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр малчид бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших  төлөвлөгөө гарган мөрдүүлж хэвшээд байна. Швейцарийн хөгжлийн  агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэнд” хөтөлбөрийн  хүрээнд малын  маханд антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээний багаж тестийг  хэрэглэж эхэллээ.

 

Энэ  онд  улсын  болон  орон  нутгийн  төсвийн   нийт  хэчнээн  төгрөгийн  хөрөнгө  оруулалтаар, ямар  бүтээн   байгуулалтын   ажлууд  хийв?

 

Орон  нутгийн  төсвөөр  төвлөрсөн  халаалт, Эрүүл мэндийн төвийн 110 сая  төгрөгийн дотоод засварын ажлуудыг хийж, Эрүүл  мэндийн  төвийн  ажилчид  болон   хэвтэн  эмчлүүлэгчдийн  ая  тухтай  орчинг  бүрдүүлж, дотор  ариун цэврийн өрөө, усанд  орох  хоёр өрөөг  ашиглалтад  орууллаа.  

 

2018 онд  сум  бүрийн орон нутгийн  хөгжлийн сангийн хөрөнгө  нэмэгдсэн. Танай  суманд  энэ  хөрөнгө  оруулалт хэдэн  хувиар  нэмэгдэж  ямар   ажлуудад  зарцуулав?

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт өмнөх оноос 0.9 хувиар  нэмэгдсэн.  Энэ онд 47.9 сая төгрөгөөр дөрвөн ажил  хийгдэхээр төлөвлөснөөс  баяр наадмын зардал, төвлөрсөн  халаалтын зураг төслийн ажил, буудлын дотоод  тохижилтын  ажлуудыг хийлээ. Мөн хог тээвэрлэх автомашины тендер  зарлагдаад байна.

 

Сум  хөгжүүлэх  сангийн   эргэн  төлөлт,  зарцуулалт хэр  үр  дүнтэй  байна  вэ?

 

Манай суманд 2011 оноос хойш нийт 178 сая төгрөг хуваарилагдаж, 101 иргэний төсөлд зээл олгоод байна. 2017-2018 онд 24 иргэнд 158 сая төгрөгийн зээл олгож,  одоогоор  зээлийн  эргэн  төлөлт 80 хувьтай байна. Шинээр бизнес эрхлэгч, дэмжлэг   хүссэн  иргэд  ихэвчлэн  аялал  жуулчлал хөгжүүлэх, эсгий, эсгий  эдлэл, үсчин,  оёдолчин, талх нарийн боовны чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдан, аймаг  сумаас зохион байгуулсан үзэсгэлэн, яармаг худалдаанд тогтмол оролцон,  бизнесийн  үйл  ажиллагаагаа  өргөжүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлж  байна.

 

Энэ  онд Эрдэнэхайрхан  сумын  өнгө  төрх  хэрхэн  өөрчлөгдөв?

 

Манай  сум  “ Эко Завхан “, “ Миний  гое  сум“ аянд идэвхтэй оролцож дараах ажлыг  хийж  гүйцэтгэлээ. Үүнд: 1. Төв суурин  газрын  өнгө  үзэмжийг  сайжруулах  зорилгоор нэг  гудамжийг үлгэр жишээ болгон  тохижуулж 16 хашааг  шинэчилэн,  27 хашааны  хаалгыг  сольж  нэг  загварт  оруулж  тохижууллаа. Цаашид энэ ажлыг  график хугацаатайгаар үргэлжлүүлэх зорилго тавьсан ба дээрх ажлыг хийж  гүйцэтгэхэд найман сая гаруй төгрөгийн хөрөнгө  зарцуулсан. Санхүүгийн эх  үүсвэрийг сум орон нутгийн орлого болон хашаа,  газар  эзэмшигчдийн  оролцоотойгоор  шийдвэрлэлээ. 2. “Эко Завхан” аяны  хүрээнд сумын төвийн  нэгдсэн хогийн цэгийг хайс хамгаалалттай болгож,  өмнө нь задгай хаясан хогийг  булж, шинээр 20х40х3 метрийн харьцаатай суваг ухаж,  хог  асгах гурван ширхэг талбайг засан ландфилын аргад ойртууллаа. Мөн “Хоггүй  сум” самбар хоёр ширхэгийг хийж, найман ширхэг хогийн сав байршуулан тахилгатай овоо болон  байгалийн үзэсгэлэнт газруудыг байгууллага, иргэд, багийн  иргэд  нийтийн   хурлын  дарга нарт хариуцуулж өгсний үр дүнд иргэд болон аялагчид хогийг зам дагуу  зориулалтын бус газар хаядаг зөрчил харьцангуй багассан. 3. Сумын  төвийн  эргэн  тойрны  гурван километр газрыг байгууллагуудад  хуваарилан хариуцуулж, улиралд  нэг удаа албан газар, байгууллагын эзэмшил газрын талбайгаас 300 метрт  хамрагдах газрын хог хаягдлыг долоо хоног бүрийн Баасан гаригт, сумын гудамж  талбай олон нийтийн газрын хог хаягдлыг нийтийн цэвэрлэгээ болгон зарлаж жилд  хоёр удаа цэвэрлэх захирамж гарган мөрдөн ажиллаж хэвшлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хог тээвэрлэх зориулалтын авто машиныг  шийдвэрлэж,  Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хогны үнэ тарифыг тогтоож, хог  тээвэрлэгч иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэд, өндөр настан, хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх  зорилгоор төв талбайд 120 ширхэг суулгац тарьж, усан оргилуурыг байнгын  ажиллагаатай болгон хоёр ширхэг пасад барьж, нийт 370 ширхэг мод  тарилаа. 4. Сум нэгдсэн халаалттай болсон тул дэлгүүр, гуанз, болон бусад үйлчилгээ үзүүлдэг “Нэгдсэн үйлчилгээний төв”-тэй болох зорилготой ажиллаж байна.

 

Танай  суманд  тулгамдаж  буй  ямар   асуудал  байна  вэ?

 

Төсөвт албан байгууллагуудын байшин барилгуудын элэгдлийн хугацаа дуусч  насжилт хэтэрсэн, хичээлийн байрын анги танхим, цэцэрлэгийн барилгууд зориулалтын бус байранд үйл  ажиллагаагаа явуулж байна. Багтаамжийн хувьд  хүрэлцээ  муу, цаашид ашиглахад хүндрэлтэй болсон.

Сүүлийн жилүүдэд мал сүрэг тогтмол өсч байгаа сайхан мэдээтэй боловч, бэлчээрийн даац  хэтэрсэн. Энэ асуудлыг төрийн зүгээс гадаад, дотоодын  зах  зээлийг судалж, бодлогоор зохицуулах хэрэгтэй байна.

 

2019 онд  Эрдэнэхайрхан  суманд  бүтээн  байгуулалтын  ямар  ажлууд  хийхээр  төлөвлөв? Цаашид  ямар салбараа түшиглэн хөгжих вэ ?

 

Сумын Засаг даргын Тамгын газрын байр, сургуулийн  хичээлийн байрыг шинэчилэх шаардлагатай байгаа тул ойрын жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр бариулахаар зохих журмын дагуу эрх бүхий дээд шатны  байгууллагуудад уламжилаад байна.  Манай сумын тухайд мал аж ахуйн үйлдвэрлэл болон байгалийн  үзэсгэлэнт  газруудаа түшиглэн аялал жуулчлалаа хөгжүүлэх, хууль эрх зүйн орчин бүрдвэл  “Хар нуур”-ын загасыг боловсруулах, олборлох  жижиг цех байгуулах, мөн  сартуул  үүлдрийн хонины ноосоо боловсруулах үйлдвэртэй болчихвол сумын хөгжил олон шатаар урагшилна гэж харж байна.

 

Баярлалаа

 

 

2018-12-14 10:32:03