Сум, орон нутгийн бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Батдөлтэй ярилцлаа
Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу. Өвлийн тэргүүн сар гарч хүйтний эрч нэлээд чангарч байна. Дөрвөлжин сум өвөлд бэлэн эсэх талаар яриагаа эхэлье?
Сайн, сайн байна уу. Та бүхэн тарган тавтай сайхан өвөлжиж байна уу. Өвлийн эхэн сардаа хүйтний эрч харьцангуй гайгүй гарч байна. Энэ зун, намрын тухайд өмнө жилтэй харьцуулахад ургамлын гарц сайн байлаа. Иймээс намар налгар сайхан болж, малын тарга хүчээ сайн тогтоож, өнөтэй өвөлтэй золголоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгөө гарган, өвс тэжээлээ нөөцийн газартай гэрээ байгуулах замаар бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Цаашдаа цас орохгүй оройтвол говийн сумдын тухайд хар туух хүндрэлтэй нөхцөл үүсч болзошгүй тул өвөлжөөний бүс нутгийн худгуудыг хэвийн ажиллуулах шаардлагатай. Сумын зүгээс энэ тал дээр шуурхай арга хэмжээ авч, өвөлжөөний бүсийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Цогт, Буурал, Тавантолгой багуудын уст цэг тогтоогдсон газруудад шинээр нэг худаг гаргаж, гурван худгийн ажлыг эхлүүлээд байна.
Бусад сумууд, хөдөө орон нутагт жишиг болохуйц бүтээн байгуулалтуудыг 2018 онд хийсэн гэж сонссон. Ялангуяа төсвийн хөрөнгө хэмнэж, өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан олон ажил хийсэн харагдаж байна?
Орон нутгийн хэмжээнд улс, аймаг, сумын төсөв, төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум гаруй төгрөгийн ажлыг хийж, гүйцэтгээд байна. Ялангуяа төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор байгууллагын гадна талбайн тохижилт, гудамжны хайсжуулалт, гэрэлтүүлэг, сумын төвийн худаг усны засвар үйлчилгээ, цэвэр бохирын шугам гэх мэт олон ажлыг бага өртгөөр албан хаагчдынхаа хүч оролцоотойгоор хийж гүйцэтгэлээ. Энэ дашрамд бүтээн байгуулалтад гар бие оролцсон албан хаагчдадаа талархал илэрхийлье.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил Дөрвөлжин сумын өнгө төрх их өөрчлөгдсөн байна. Орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ямар ажлууд хийв?
Хөдөөгийн багуудын есөн цэгт уст цэгийн хайгуул хийлгэж, 2018 онд таваас зургаан байрлалд худаг, уст цэг гаргах ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн орон нутгийн дотоод нөөц бололцоогоо ашиглаж бага өртгөөр бог, бодын хашаа, ванн барих ажлыг малчид иргэдийнхээ оролцоотой хийж гүйцэтгэлээ. 2018 оныг бүтээн байгуулалтыг дэмжих жил болгосонтой холбогдуулан сумын төвийн өнгө үзэмж, тохижилт үйлчилгээг хангах тал дээр анхаарч ажиллалаа. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Хомын хоолойн гүүрний их засвар, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цаг уурын өртөөний барилга, сумын төсөв болон бусад төсөл хөтөлбөрөөр 2.5 километр сайжруулсан шороон зам, зам дагуух болон сургууль орчмын бүсийн 500 метр хайсжуулалт, ногоон байгууламжийн хамт, хүүхдийн хөл бөмбөгийн стандартын талбай, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө, 1.6 километр нарны зайн болон гудамжны гэрэлтүүлгийн засвар шинэчлэл, иж бүрэн камержуулалт, Нутгийн захиргааны ордны өмнөх талбай болон хүүхдийн спортын гүйлтийн зам, төрийн эзэмшлийн гурван худагт автомат систем суурилуулалт, чацарганы цех, нарийн ногооны хүлэмжийн аж ахуй эрхлэлтийг нэмэгдүүлэх, төсөвт байгууллагуудын гадна гэрэлтүүлэг, албан хаагчдын ажиллах нөхцөлийн сайжруулах зорилгоор техник тоног төхөөрөмж, тавилга хэрэгслэлээр хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Хөдөө аж ахуйн салбарын хүрээнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг зах зээл дээр өндөр үнээр борлуулах бодлогыг баримтлан ажиллаж байна. Тухайлбал Тогтвортой ноос ноолуур /SPD/ төсөл, орон нутгийн хоршоодтой хамтран ажилласны үр дүнд Завхан буурал омгийн ямааны ноолуурыг гуравдагч зах зээл дээр өндөр өртөгөөр борлуулах суурь тавигдаад байна. Мөн байгалийн гаралтай түүхий эдийг хамгаалах, зах зээлийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Баруун бүсэд газрын доройтлыг бууруулах төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, “Хомын талын тахь” ТББ гэх мэт олон төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монголдоо дээгүүрт ордог зэрлэг чацарганы ойг сийрэгжүүлэх, цаашлаад нөхөн тариалалт хийх, хамтын нөхөрлөлийн аргаар хамгаалах ажлуудыг хийж байна. Манай сумын Онц багийн нутагт тахь нутагшуулж байгаа “Хомын талын тахь” ТББ өөрийн хөрөнгөөр ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор чацарганы боловсруулах цехийг орон нутагтаа байгуулж байна. “Хомын талын тахь” ТББ-ын санхүүжилтээр Ховд Их сургуулийн Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэнтэй хамтран 2018 онд аймагтаа анх удаа орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын томоохон бичгүүд болох “Дөрвөлжин сумын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө 2018-2025”, Газрын харилцаа геодиз зураг зүйн газрын санхүүжилтээр Вектор меп ХХК- тай хамтран “Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө 2017-2025”, мөн “Хомын талын тахь” ТББ санхүүжилтээр Монголын аялал жуулчлалын нэгдсэн холбоо, Завхан аймгийн аялал жуулчлалын холбоотой хамтран “Дөрвөлжин сумын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө” /урт хугацааны/-г сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа батлуулан мөрдөж эхэлсэн онцлогтой жил байлаа.
Дөрвөлжин сумын иргэд 2018 онд ямар ажил хийхээр санал гаргаж, орон нутгийн хөгжлийн сангийн хэчнээн төгрөгийн хөрөнгийг хэрхэн зарцуулав?
Манай сумын иргэдийн зүгээс хөдөөгийн багийн худаг, уст цэгийг сайжруулах, сумын төвийн иргэдийн ая тухтай тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх санал гаргасан. Үүний дагуу сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бэлчээр ашиглалтыг сайжруулж худаг гаргах, гудамж талбайг камержуулах, гэрэлтүүлэх тал дээр түлхүү анхаарч үндсэн чиглэлдээ тусган хэрэгжүүллээ.
Танай сумын иргэд сум хөгжүүлэх сангийн зээлээр говь нутагт хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа юм байна. Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар хичнээн га талбайд ямар жимс, ногоо тариалж байна. Сумын хөгжил, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд багагүй дэмтэй байдаг сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэр үр дүнтэй зарцуулж байна вэ?
Тийм ээ. Сүүлийн жилүүдэд хүлэмжийн аж ахуйг Засгийн газрын бодлоготой уялдуулан түлхүү анхаарч, дэмжиж байгаа. Зэргэлдээ Ховд хот, Улиастай хотуудад өргөн хэрэглээний хүнсний ногоог их хэмжээгээр тариалж зах зээлийн өрсөлдөөн ихтэй байгаа учраас говийн зөөлөн уур амьсгалд тохирсон хүлэмжийн нарийн ногоог тариалахад иргэдээ сургаж, төсөл хөтөлбөрөөр дэмжин ажиллаж байна. Энэ жил туршилтаар гүзээлзгэнийг амжилттай тариалж, орон нутгийнхаа хөрсөнд ургасан гүзээлзгэнэ хурааж авсандаа баяртай байгаа. Цаашид давжаа алим, улаан лооль гэх мэт монголын зах зээлийн ихэнх хувийг гадаад зах зээлээс хангаж байгаа хүлэмжийн ногоонуудыг шат дараалан тариалах төлөвлөгөөтэй байна. Ер нь сум хөгжүүлэх сангийн зээлийг нэг иргэнд биш бүлэг нөхөрлөлд олгох зарчмыг баримталж байгаа. Одоогоор сумын хэмжээнд сум хөгжүүлэх сангийн зээлээр байгуулагдсан оёдолын цех, хүлэмжийн аж ахуй, гоо сайхан зэрэг төслүүд хэвийн ажиллаж байна.
Малчид, мал аж ахуйн салбартаа ямар шинэлэг ажлууд санаачилан зохион байгуулж байна вэ?
Бид 2017 оны сүүлээр баг бүрийн малчдын төлөөллийг оролцуулсан туршлага судлах аялалыг Хөвсгөл аймгийн Хатгал сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Улаанбаатар хотод малын эрүүл мэндийн “Ви.И.Ти.Нэт” ТББ, мөн Төв, Өвөрхангай аймгийн зарим сумдаар зохион байгуулсан. Энэ онд малчдын зөвлөлдөх уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад жишиг фермер эрхлэгч Тийссэн Жерими, Мерси кор ОУБ-ын мал аж ахуй мэргэжилтэн Даниэл Миллер, малын эрүүл мэндийн төвийн Ви.И.Ти.Нэт ТББ-ын малын их эмч З.Сүхбаатар нарыг урилгаар оролцуулсан. Цаашид малыг эрүүлжүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах хэлбэрээр малын ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой байна. Мөн Мерси кор ОУБ- тай хамтран говийн эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд тариалах боломжтой тэжээлийн ургамлыг судалж, туршилтаар тариалж эхлүүлэхээр төлөвлөж байна.
Мал аж ахуйн салбартаа манлайлж ажилласан тэргүүний малчдадаа хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах зорилгоор "Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ“-г хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа нь малчид, иргэдийн талархлыг хүлээсэн арга хэмжээ болоод байгаа юм.
Ирэх жил ч мөн Дөрвөлжин сум бүтээн байгуулалтаар арвин байх болов уу?
2019 он манай сумынхны хувьд их бүтээн байгуулалт өрнөсөн, байгаль цаг уурын хувьд ч таатай сайхан жил болно гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын хувьд 2019 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах, сумын төвийг нэгдсэн халаалттай болгох, сумын Соёлын төвийн барилгаа шинэчилэн засварлах, “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд айл өрхүүдийн хашааны өнгө үзэмжийг сайжруулах, гудамж, хашааны хаягжуулалт, иж бүрэн гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Сумын Засаг даргын хувьд 2019 оныг “Ногоон хөгжил, аялал жуулчлалыг дэмжих жил” болгох талаарх саналаа Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оруулахаар төлөвлөөд байна.
Ингээд нийт Монгол түмэндээ, заяа түвшин Завхан нутгийнхаа ард иргэд та бүхэндээ Дөрвөлжинчүүдийнхээ нэрийн өмнөөс улиран одож буй 2018 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, угтан золгох 2019 оноо шинэ санаа, ихийг бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн угтахын ерөөлийг өргөе.
Ярилцсанд баярлалаа