Гамшиг онцгой байдлын үед хамгийн их хохирол амсдаг нийгмийн бүлэг нь хүүхдүүд байдаг. Хэдийгээр аливаа гамшиг, онцгой байдал тохиолдсоны дараа хүүхдийн хэрэгцээ шаардлага хангасан тусламж, дэмжлэгийн талаар ярьж, үйл ажиллагаагаа чиглүүлдэг ч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдний эрсдэл, эмзэг байдлыг бууруулах арга хэмжээний талаар шийдвэр гаргагч нарын ойлголт, мэдлэг дутмаг байдаг байна. Өөрөөр хэлбэл гамшгаас хамгаалах бэлэн байдлыг төлөвлөгөөг хүүхдийн хэрэгцээнд үндэслэн хүүхдэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Иймд орон нутгийн шийдвэр гаргах түвшний 40 гаруй албан хаагчдад гамшиг, гамшгийн үеийн бэлэн байдал, онцгой байдлын үе дэх хүүхдийн асуудлын талаар мэдлэг олгосноор гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүүхдэд ээлтэй төлөвлөж, гамшгийн эрдслийг бууруулах аргад суралцлаа.
Сургалтыг “Хүүхдийн эрх, гамшгийн тухай ойлголт”, “Гамшгийн менежмент, гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үнэлгээ”, “Гамшгаас хамгаалах болон хүүхэд хамгааллын бэлэн байдлын төлөвлөгөөг хүүхдэд ээлтэй болгох” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд явууллаа. Ингэснээр шийдвэр гаргах түвшний албан хаагчид гамшиг онцгой байдлын үе дэх хүүхдийн асуудлаар ойлголт мэдлэгтэй болж, гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үнэлгээг хийж сурсан зэрэг үр дүнтэй сургалт болов.