Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу. Цагаанчулуут суманд өрнөж буй цаг үеийн асуудлаар хоёулаа ярилцлагаа эхэлье. Ажил ундарсаар л байна уу?
Сайхаан. Сайхан өвөлжиж байна уу? Салбарт бүрт ажил ундарсаар л байна даа. Хэдийгээр зун сайхан болсон боловч ойрын хэдэн жил ороогүй их хэмжээний цас намрын сард орлоо. Өвөл дөнгөж эхэлж байна. Ахиу цас орвол ажил улам л ихэднэ дээ.
Сүүлийн жилүүдэд танай суманд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд нэлээд хийгдэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд нэгдсэн халаалтад холбогдсоноор олон давуу тал бий болж байгаа болов уу?
Сүүлийн жилүүдэд сум орон нутагт маань хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд сайн хийгдсэн. Өнгөрсөн 2018 онд нэгдсэн халаалтад холбогдсоноор сумын хөгжил дэвшилд томоохон ахиц гарсан гэж үзэж байна. Бүх албан газрууд, зарим аж ахуйн нэгж, айл өрхүүд халаалтад холбогдсон. Сум байгуулагдсан цагаас хойш шийдэж чадаагүй чухал асуудал бол ундны усны асуудал байсан. Энэ асуудлаа өнгөрсөн 2018 онд шийдэж одоогоор нэгдсэн халаалтад холбогдсон байгууллага, айл өрхүүд хананаасаа ундны усаа авдаг болсон нь бас томоохон хөрөнгө оруулалт, сумын хөгжил дэвшил юм. Сургуулийн дотуур байрандаа их засвар хийж, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл сайжирлаа. Байрны хүүхдүүд дотроо халуун усанд орж, бие засч төв суурин газраас дутахааргүй тохилог, дулаан орчинд амьдарч байна. Дотуур байрын хүүхдийн тоо ч нэмэгдсэн байгаа. Сумын нэгдсэн халаалтыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн “Ган” ХХК нь дотуур байрын засварын ажил, сумын усан хангамжийн ажлыг мөн хийж гүйцэтгэсэн. Энэ компаний хамт олондоо нутгийн нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ мэтээр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл танай суманд нэлээд сайжирсан. Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар хөдөөгийн 23 суманд байгуулсан малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г танай сумынхан жишиг болохоор сайн тохижуулсан. Үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна. Одоогоор “Гэр өргөө”-нд хэдэн хүүхэд амьдарч байна. Малчин эцэг эх, хүүхдүүд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Манай сум аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Гэр өргөө”-гөө бусад сумдад жишиг болохоор тохижуулж, үнэхээр сайхан орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Одоогоор “Гэр өргөө”-нд найман хүүхэд амьдарч байна. Эцэг, эхчүүд болон залуу малчдыг дэмжсэн сайн санаачилга гэдэгтэй хөдөөгийн малчин иргэд санал нийлж өндөр сэтгэгдэлтэй байна. Хүүхдүүд маань Гэр өргөөндөө амьдрах дуртай. Үнэхээр хүүхдийн эрүүл, аюулгүй, дулаан, тохилог орчинд сурч боловсрох нөхцөл бүрдсэн.
Энэ онд танай суманд улсын болон орон нутгийн төсвийн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар онцлох ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэв?
Энэ онд улсын төсвийн 54 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дотуур байрынхаа шалыг сольж шинэчиллээ. Сумын Эрүүл мэндийн төв шинэ пургон автомашинтай боллоо. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн гурван сая төгрөгөөр сургуулийн дотуур байрын тохижилтыг хийж, хүүхдийн цэцэрлэгт дөрвөн сая төгрөгийн тоглоом, сумын төвийн хогийн цэгийг дарж булахад 3.7 сая төгрөг, худгийн хайс хамгаалалтын ажилд хоёр сая төгрөг, байгууллага, айл өрхүүдийн бохир соруулах тоног төхөөрөмж авахад гурван сая төгрөг, хөдөөгийн багийн малчдад зориулж Дэлгэр багийн нутаг Их булаг гэдэг газар хөв байгуулахад найман сая төгрөгийн ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байна.
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө өмнөх оноос хэдэн төгрөгөөр нэмэгдэв. Мэдээж ард иргэдийнхээ саналаар нэн тэргүүний чухал ажлууддаа зарцуулсан байх?
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 2018 онд 31 сая төгрөг байсан бол 2019 онд 73 сая төгрөг болж өссөн. Орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу иргэдийнхээ саналыг авч эрэмбэлэн хамгийн олон саналтай ажлууддаа зарцуулж байна. Харин сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр олгож байна. Манай сум хөнгөн блок үйлдвэрлэж зэргэлдээ сумууд болон Говь-Алтай аймагт борлуулж байгаа.
Хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр сумандаа ямар үйлдвэр байгуулахаар болов. Ажил хэр урагштай байна вэ?
Хөрөнгө оруулагчдын чуулган сум болгонд маш чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон. Манай сумын хувьд мах, сүүний чиглэлийн жижиг үйлдвэр байгуулна. Аймгаас сум бүрт тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөсөн нь нэлээд үр дүнгээ өгнө гэж харж байгаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэр хангав?
Жил бүр ажлын хэсэг томилон бэлтгэл ажлыг хангуулж хэвшсэн. Ажлын хэсгээс бэлчээрийн даац, малын тоо толгой, сүргийн бүтцийн даацтай уялдуулан малчдад мэдээлэл өгч, байгууллагууд шиф багийнхаа малчдын хүсэлтээр өвөлжөө бууцыг засварлаж, шинээр барьж өгдөг. Энэ жил малчид 165 тонн өвс, 10 тонн тэжээл бэлтгэсэн. Сумын аюулгүйн нөөцөд 45 тонн өвс авч малчдад тараасан бол одоо Ховд аймгаас нөөцийн өвс татаж байна.
Ирэх жил сумандаа онцлох ямар бүтээн байгуулалтын ажил хийх вэ?
Ирэх 2020 онд спорт заалны шинэ барилга баригдаж эхэлнэ. Улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн спорт заалны барилга шинээр баригдахаар батлагдсан. Сумын төвийн урд дэнж дээрх Найман манал бурхны цогцолборын хажууд шинээр гандан барина. Зураг төсөв нь хийгдсэн, хандив тусламжаа цуглуулж байна.