УРГАМАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.ГЭРЭЛТ-ОД: 2020 ОНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОЛОН АЖИЛ ӨРНӨНӨ
1339 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сайхан өвөлжиж байна уу. Энэ жил Завхан аймгийн ихэнх нутгаар зуншлага сайхан болж, намар ч налгар боллоо. Ургамал сумын тухайд?

 

Сайхан өвөлжиж байна уу. Зун цагтаа дэлгэр сайхан байж, намартаа нар ногоотой хүн малын зоо тэнийсэн  урт сайхан намрыг үдлээ. Энэ хугацаанд багтаж сумын хөдөлмөрч иргэд маань амьдрал ахуйгаа дээшлүүлж мал сүрэг, орчин нөхцөлөө сайжруулан олон ажлыг сум  орон нутгийнхаа бодлого шийдвэрт уялдуулан ажиллалаа.

 

Мал аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэр  хангав. Энэ өвөл танай суманд цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

 

Өвлийн бэлтгэл ажил хангах талаар аймгийн Засаг даргын наймдугаар сард гарсан захирамжийг үндэслэн сумын зүгээс ажлын хэсэг томилж бүх шатанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна.Энэ онд зорьсон ажлууд эхнээсээ биелэлээ олж Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, халуун ус  нэгдсэн халаалтын шугаманд холбогдсон байгаа. Ингэснээр онцгой объектууд найдвартай дулаан хангамжид холбогдож төсвийн болон зарим эрсдэлийг хялбар давахад дөхөм болж  байгаа юм. Мөн бусад аж ахуйн нэгж, айл өрх, малчдад өвлийн бэлтгэл хангах ажлыг захирамжаар үүрэгжүүлж өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байна. Мал аж ахуйн салбарт хадлан тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, өвөлжөө хаваржаа, худаг усныхаа засвар үйлчилгээг сайжруулж ажиллалаа.

 

Энэ өвөл сумын хэмжээнд 120 гаруй мянган толгой мал өвөлжинө. Тиймээс бэлчээрийн даац болон өвөл хаврын нөхцөл байдалд уялдуулж мал, махыг зах зээлийн эргэлтэд оруулах шаардлага бий. Иймд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад ажиллаж, амьдарч буй сумынхаа уугуул иргэдэд нутгийнхаа амт чанартай, эрүүл малын махыг хүнсэндээ хэрэглэхийг уриалж байна. Энэ ажлыг сумын зүгээс нэгдсэн зохион байгуулалттайгаар хийх боломжтой. Ингэснээр нутгийн иргэддээ аюулгүй, амт чанартай махыг ченжийн гар дамжуулахгүйгээр зах зээлийн үнээр нийлүүлж, нөгөө талаар малчид ч мал, махаа  эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Одоогоор цаг агаарын нөхцөл байдал сайхан л байна, зарим нэг газраа жаахан бараан байна. Сүүлийн жилүүдэд худаг усны асуудлаа тогтмол сайжруулаад шинээр худаг гаргаж байгаа тул хүндрэл харьцангуй бага байна.

 

Өнгөрсөн жил Ургамал суманд олон сайхан бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Үр дүн нь ч гарсаар байгаа байх. Тэгвэл 2019 онд хийсэн онцлох бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар мэдээлэл өгөөч?

 

Тэгэлгүй яахав ээ. Олон сайхан ажлуудын үр дүнг сумын нийт иргэд маань хүртэж байна. Энэ жил ч гэсэн маш чухал ажлуудын эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна. Олон жилийн өмнөөс л хэрэгцээ шаардлага байгаа гэж ярьж олон удаагийн сонгууль дамнаж ирсэн ажлуудыг бодит ажил болгож байна. Баян-Улаан, Тосгуур багт юнителийн сүлжээний станцыг барьж байгуулах ажлыг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Эвт цамхаг” компаниар хийж гүйцэтгүүллээ. Сумаа шинэ сум болгон өргөжүүлэхээр зорьж буй эхний алхам болох нэгдсэн халаалт, цэвэр усны шугам барих ажлыг эхлүүлж түрүүчээс нь ашиглалтад оруулаад байна. Ирэх тавдугаар сараас гэр хороолол бусад аж ахуйн нэгж, дэлгүүрүүд рүү чиглэсэн шугамаа тавина. Цаашлаад гэр хорооллын гудамжуудад ухаалаг худгийн системийг нэвтрүүлж, малчдын, албан хаагчдын, залуу гэр бүлийн хотхоныг бий болгох зорилго тээж байгаа. Мөн сумын хэмжээнд олон жил яригдсан нэг чухал асуудал болох гүүрээ энэ зун  аймгийн Засаг даргын 22 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр засварлууллаа. Цаашид байнгын найдвартай ажиллагааг хангах үүднээс долдугаар сард аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Хүнгүйн голын төмөр бетон гүүрийн зураг төсвийг “Ар си эс си” ХХК-иар хийлгэж, ирэх оны улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгөөр барьж эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Манай сумын Засаг даргын Тамгын газрын барилга 1978 оноос хойш төсвийн хөрөнгөөр засвар шинэчлэл хийгдээгүй. Бид дотоод эх үүсвэр, цалингаараа өрөөнүүдээ засварлаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймээс энэ зун зураг төсвийг  “Өлзий-иш” ХХК-иар гүйцэтгүүлж 1.2 тэрбум төгрөгөөр барьж эхлэхээр 2020 оны улсын төсөвт тусгагдаад байна.

 

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө өмнөх оноос хэдэн төгрөгөөр нэмэгдэж ямар ажлуудад зарцуулав. Мөн сум хөгжүүлэх сангаасаа хэдэн баялаг бүтээгчийг дэмжин ажиллаж байна вэ?

 

Энэ онд орон нутгийн хөгжлийн санд 129.6 сая төгрөг хуваарилагдаж өмнөх онтой харьцуулахад 100 гаруй сая төгрөгөөр нэмэгдсэн. Энэ санхүүжилтийг гэрэлтүүлэг, хаягжуулалт, багийн байр барих, худаг усны засвар үйлчилгээ, нэгдсэн халаалтын зураг төсөв, хогны машинаа шинэчлэх зэрэг ажлууддаа төсөвлөөд гүйцэтгэлийг хангаад явж байна. Сангаас хамаараад хүлээгдэж буй ажлууд бас бий. Сум хөгжүүлэх сангаас өнгөрсөн онд 16 иргэний 92 сая төгрөгийн төслийг санхүүжүүлсэн. Энэ онд таван төслийг  51 сая төгрөгөөр санхүүжүүллээ. Санхүүжилтийг өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, оёдол болоод газар тариалан, ингэний айраг, хоормог бэлдэж боловсруулах чиглэл рүү түлхүү олгосон. Цаашид төрөөс үзүүлж буй энэхүү дэмжлэгийг аж ахуйн нэгж иргэд зөвөөр ухамсарлаж хариуцлагатай, бүтээлчээр хандах шаардлагатай байгаа юм.

Завхан аймгийн сум бүр 2-5 жижиг үйлдвэртэй болохыг зорьж байгаа. Энэ хавар Улаанбаатар хотод болсон “Завхан аймгийн хөрөнгө оруулагчдын чуулган”-ы үеэр ямар үйлдвэр байгуулах гэрээг үзэглэв. Ажлын явц ямар түвшинд байна вэ?

 

Завхан аймгийн хөрөнгө оруулагчдын чуулган үнэхээр үр дүнтэй ажил болсон. Дан ганц суманд гэхээсээ илүү аймгийн хэмжээнд бүс нутгийн онцлогт  суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ санаа шийдлүүд гарч байсан. Жишээ нь: Говийн сумууд ямар ямар үйлдвэрлэлүүдийг эхлүүлэх ёстой, мөн бие биенийхээ зах зээлийг дэмжсэн шат дамжлага бүхий үйлдвэрлэлүүд бий болох үндэс суурь тавигдсан. Манай сумын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьж байгаа бөгөөд Голын улааны рашаанаа түшиглэн сувилал байгуулахаар “Голын улаан” ХХК-тай хамтран ажиллаж байна. Мөн малын гаралтай түүхий эдийн боловсруулах бүтээгдэхүүнийг бэлдэх зорилгоор дунд оврын арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийг сумандаа нийлүүлэх чиглэлээр гэрээ байгуулсан. Төхөөрөмжүүд энэ ондоо багтаад нийлүүлэгдэнэ.

 

Бүтээн байгуулалт өрнөж, сум орон нутаг хөгжихийн хэрээр ядуурал буурч, байнгын болон түр ажлын байр нэмэгдэх нь зүйн хэрэг. Энэ жилийн тухайд хэчнээн иргэнийг ажлын байраар хангав?

 

Бүтээн байгуулалтын ажлуудтай уялдаад түр ажлын байр бас  нэмэгдсэн, үр дүнд нь оюутан залуус, ард иргэд богинохон ч гэсэн хугацаанд хөдөлмөрийн үр шимийг мэдэрсэн. Байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Дэлхийн  зөн ОУБ-ын төслөөр хоёр бүлгийн 12 иргэн оёдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна. Мөн таван өрхийн 10 иргэнд сум хөгжүүлэх сангаас зээл олгосноор ажлын байр нэмэгдсэн. Түр болон байнгын ажлын байраар нийт 50 орчим иргэнийг хангаад байна.

Завхан аймаг иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлж, “Ард иргэдээ сонсох аян”-ыг тогтмол зохион байгуулж байна. Тэгвэл сумын удирдлагууд иргэдээ хэр сонсож ажиллаж байна вэ?

 

Завхан аймаг иргэдээ сонсох ажлыг тогтмол өрнүүлж, иргэд рүүгээ чиглэсэн олон ажлыг хийж байгаа. Энэ чиглэлийн ажлын төлөвлөгөө, удирдамж ч бидэнд байнга ирдэг. Энэ жил гэхэд аймгаас нэг суманд өргөн бүрэлдэхүүнтэй 3-4 удаа ажилласан. Ингэхдээ  иргэдээс гарч буй санал санаачилгыг дараагийн үйл ажиллагаандаа шууд тусган хэрэгжүүлж буйд ард иргэд их баяртай байгаа.Сумын хувьд төрийн албан хаагчдадаа айл өрхүүдийг хариуцуулан шифийн холбоотой ажилладаг. Ингэснээр төр, иргэний уялдаа холбоо сайжирч, мэдээлэл найдвартай эх сурвалжаас иргэдэд шуурхай хүрэх зэрэг олон давуу тал бүрдсэн. Өнгөрсөн намар сумаас төрийн цогц үйлчилгээг баг бүрт хүргэж ажиллалаа. Бүх байгууллага дээрээ цахим хуудсыг ажиллуулж төрийн албаны мэдээллийг хүргэж, санал хүсэлтийг шууд авдаг утсыг тогтмол нээлттэй байлгаж иргэдтэйгээ холбогдож байна. Мөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудыг иргэдэд мэдээлэл өгөх хуваарь гарган баталж, айл өрхүүдээр орж санал хүсэлтийг нь сонсдог уламжлал тогтоод байна.

 

Ургамал суманд тулгамдсан асуудлууд бий юу?

 

Мэдээж тулгамдсан асуудлууд байлгүй яахав. Газар зүйн онцлог алслалтаас хамаараад бензин шатахуун, бараа материалын үнийн өөрчлөлт зэрэг нь хүн амын амьжиргаанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Уул уурхайн хэт түрэмгий байдал газар авах хандлагатай байгаа ч бид бүхэн бүх шатандаа эсэргүүцэж байгаа. Гэвч хуулийн өмнө хүчин мөхөсдөх явдал цөөнгүй тохиолдож байна. Тэглээ ч уул уурхайгаас ангид аймаг болох зорилт дэвшүүлсэн, бидэнд ухарч шантрах эрхгүй.

 

Цаашид хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатны албан байгууллагуудтайгаа хамтран хийсээр байх болно. Миний сэтгэл зовниж явдаг нэг зүйл бол хүнээ хөгжүүлэхэд суурилсан сэтгэл хандлагын өөрчлөлтийг соён гэгээрүүлэхэд түлхүү чиглүүлэх юмсан гэж боддог. Өнөөдөр бид мал аж ахуйн салбараас өмнө хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар, хөгжил бүтээн байгуулалтаас илүү хувь хүний хөгжил боловсрол, оюун ухаан руу чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг түлхүү хийх нь зөв. Тиймээс аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Сум орон нутаг, улсын хөгжлийг 30-40 жилийн дараа залуурдаж явах хойч үеийг зөв төлөвшүүлэх хэрэгтэй байна. Тэдний үлгэр дуурайлал болсон эцэг эхчүүд, иргэд бид бүхэн зөв байх үүрэг хүлээж  хазгай гишгэх эрхгүй юм. Сумын тухайд соён гэгээрүүлэх сэтгэл хандлагын чиглэлээр зохих ажлуудыг санаачилан хэрэгжүүлж эхлээд байна. Манай нутгийн иргэд хэзээнээс хөдөлмөрч, нийтэч, амгалан дөлгөөн хүмүүс байдаг. Сумаараа нэгдэж нийлээд олон ажил арга хэмжээний ард  гарч чаддаг давуу талуудтай, түүгээрээ бид бүхэн бахархаж явдаг даа.

 

2020 онд танай суманд өөр ямар бүтээн байгуулалтын ажлууд өрнөх бол?

 

Ирэх жил мэдээж олон ажлыг төлөвлөж байна. Сумын Засаг даргын Тамгын газрын барилга,  Хүнгийн голын төмөр бетон гүүрээ барьж эхлүүлнэ. Мөн Соёлын төв, Ерөнхий боловсролын сургуулийн зүүн талын хичээлийн байраа засварлуулах шинэчилэх ажлыг төлөвлөж байна. Мэдээж нэгдсэн халаалтын шугамын ажлыг дуусгаснаар дараагийн бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Алслагдсан айл өрхүүд рүү цахилгаан хангамж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Ер нь л  2020 онд олон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлнэ дээ.

 

2019-12-12 10:22:22