Энэ онд Эрдэнэхайрхан суманд хийгдсэн онцлох бүтээн байгуулалтын ажлын талаар эхлээд та мэдээлэл өгөөч?
Манай сумын барилгууд 1975-1978 онуудад баригдсан, ашиглалтын хугацаа дууссан, стандартын бус барилгад зарим төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймээс сумын хөгжил, бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулж эхний ээлжинд сумын Засаг даргын Тамгын газрын шинэ барилгын ажлыг эхлүүлж, суурийн ажлаа хийж дууслаа. Улаагчны хар нуур, Мухартын голыг аялал жуулчлалын бүс болгох зорилгоор цахилгаан эрчим хүчний шугам, Доной хөндийгөөс Хар нуур хүртэл 74 километр асфальтобетон хучилттай зам тавих зэрэг ажлуудын зураг төсөв хийгдсэн.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтуудаас гадна ард иргэд, сум орон нутгийнхаа санаачилгаар хийсэн ажлууд бий юу?
Олон нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал бор давсыг цэвэрлэснээс гадна сумын төвийн хоёр худгийг лаадаж нийт 61 га талбайн цэвэрлэгээг хийж цэвэр орчин бүрдүүлсэн. Гэр хорооллын айл өрхүүд хашаа хороо, хаалгаа жигдлэх санаачилгыг өрнүүлж найман хашаа, 15 гүйдэг хаалга шинээр хийлгэж сумын өнгө үзэмжийг нэмэгдүүллээ. Сумын төвийн гэр хороолол, гудамж талбайн гэрэлтүүлгийг цахилгаан эрчим хүчний зарцуулалтгүйгээр эко гэрлээр шинэчлэх зэрэг ажлуудыг хийсэн. Нутгийн уугуул иргэн асан Ш.Магсарын үр хүүхдүүд, хань, ахан дүүсийн санаачилгаар “Магсар сан” гурав дахь жилдээ хандивийн үйл ажиллагааг зохион байгуулж энэ онд малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө” –г тохижуулж сайн үйлс бүтээлээ. Сумын нийт ард иргэдийн болон орон нутгийн санаачилгаар нэгдсэн хогийн цэгийг түрж, 800 метр квадрат талбайн хог хаягдлыг шууж цэгцлэн хогийн гурван талбай нэмж бэлтгэв. Мөн сумын төвийн нийтийн эдэлбэр 58 га талбайд цэвэрлэгээ хийж 23 тонн хог хаягдлыг нэгдсэн цэгт зайлуулахын зэрэгцээ Улаагчны хар нуур, Сэнжит цохио, Мухартын гол зэрэг газруудад хүрэх замыг төсөвт байгууллагуудад хуваарилан өгсний дагуу гурван удаа хамтын цэвэрлэгээг хийж 45 тонн хогийг ангилан шатааж устгал хийлээ.
Танай сумын тухайд мал аж ахуй, аялал жуулчлалын салбараа түшиглэн хөгжих боломжтой. Энэ талаар хийж буй ажлууд юу байна. Сум бүр 2-5 жижиг үйлдвэртэй болох зорилтын хүрээнд ямар үйлдвэр байгуулахаар төлөвлөж ажлын явц хэр байна вэ?
Манай сум бол ноосны чиглэлийн Сартуул үйлдрийн хониороо алдартай. Энэ нөөц боломжиндоо тулгуурлан “Бизнес нэгдлийн дээд зөвлөл” ГҮТББ –тай хамтран ноос бэлтгэх үйлдвэр барихаар зураг төсөв, газрын асуудлыг шийдвэрлэсэн. Мөн суманд ногоон тэжээл, хүнсний ногоо тариалах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хадлангийн тоног төхөөрөмж авах хүсэлт уламжилж шийдвэрлэгдээд байна. Аялал жуучлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Таван толгой транс” ХХК нь 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулаад байна.
Сум орон нутагт тулгамдаж буй нэн тэргүүний асуудлыг ард иргэдийнхээ саналаар шийдэх боломж олгодог хөрөнгө бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө. Энэ онд тус хөрөнгөөр ямар ажлууд хийв?
2019 онд орон нутгийн хөгжлийн сангаас 78 сая төгрөг, орон нутгийн давсан орлогоос 25 сая төгрөг, нийт 103 сая төгрөгийн ажил хийхээс малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-нд 10 сая төгрөг, мал нядалгааны цэгт 10 сая төгрөг, Соёлын төвийн шалны засварт найман сая төгрөг, Эрүүл мэндийн төвийн шээсний анализатор авахад 2.5 сая төгрөг, Зосын худагт найман сая төгрөг гэх мэтээр олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Сумын төвийн хоёр худгийг ухаалаг болгох тендер зарлагдан “Баялаг говь” ХХК шалгарч ажлаа эхлэхэд бэлэн болсон. Сумын төвийн 04-ийн киловаттын шугамын ажил болон бусад зарим ажлыг хийж гүйцэтгэж байна.
Ард иргэдээ сумандаа сайхан амьдрах нөхцөл бололцоогоор хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж зорилгоор 13 иргэнд нийт 90 сая төгрөгийн зээлийг олгосон. Мөн малжуулах төсөлд хоёр иргэнийг хамрууллаа. Цаашид ч ажлын байрыг нэмэгдүүлж жижиг бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллах зорилготой байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээрээ, малчид маань цагаан идээгээрээ сумандаа аравдугаар сарын 19-20-нд “Намрын өдрүүд-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Мөн аймгаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаануудад манай сумынхан тогтмол амжилттай оролцдог.
Иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилтыг сумын түвшинд хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдад айл өрхүүдийг хуваарилан хариуцуулж мэдээ мэдээллийг цаг хугацаа алдалгүй хүргэж, иргэдээс ирсэн санал хүсэлтийг холбогдох төрийн байгууллагуудад мэдээлж, тухайн асуудлыг шийдвэрлүүлэн ажиллаж байна. Мөн бүх төрийн байгууллагууд “Угтах үйлчилгээ”-г тогтмолжуулж, Долоо хоног бүрийн Даваа гаригт шуурхай хурлыг зохион байгуулж байна. Ингэснээр мэдээллийг тухай бүр иргэдэдээ хүргэж, иргэн төвтэй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байна.
Өвлийн эхэн сар гарсан энэ цаг үед өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар асуухгүй өнгөрч болохгүй?
Манай сумын нийт нутгаар тав, зургаадугаар саруудад газрын гарц хэвийн гарч улмаар долоо, наймдугаар саруудад хур бороо багатай, нийт нутгаар гундуухан болж газрын гарц муудсан боловч ес, аравдугаар сард хур бороо ихтэй дулаахан налгар сайхан намар боллоо. Малчид, ард иргэд өөрийн нөөц бололцоогоороо 150 тонн өвс, 35 тонн гар тэжээл бэлтгэн нөөцөлсөн байна. Сумын хэмжээнд хонин толгойд шилжүүлсэнээр 300 мянга гаруй толгой мал өвөлжих судалгаатай бий. Энэ онд отрын бүс нутаг болон өөрийн аймгийн бусад сумдад 22 өрхийн 21 мянган толгой мал өвөлжих санал хүсэлт ирүүлсэний дагуу холбогдох ажлыг аймгийн удирдлага болон отрын бүс нутгийн захиргаанд уламжлан хамтран ажиллаж байна.
2020 онд сумандаа ямар онцлох ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
Сумын Засаг даргын Тамгын газрын барилгын ажлыг бүрэн ашиглалтад оруулж гадна тохижилтыг хийхээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ. Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн сургуулийн барилга шинээр баригдахаар батлагдсан байгаа. Цэцэрлэгийн өргөтгөл, засвар хийх, сумын төвийн айл өрхүүдийн цэвэр усны ариун цэврийн бүс тогтоох, суурин газрын хүрээлэн буй орчин, эрүүл ахуйг сайжруулах, халдварт өвчнөөс хүн, мал, амьтдыг урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбай, байгаль орчинг хог хаягдлаар бохирдуулахгүй байлгах зорилгоор сумын төвөөс 500 метр зайд байрлах худгийг ашиглалтад оруулж мал услах эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.