АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДОЛДУГААР ХУРАЛДААН БОЛОВ
396 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долдугаар хуралдаан 89.7 хувийн ирцтэйгээр хуралдаж, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2020 оны төсөв, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ хэлэлцэн баталлаа.

 

Хуралдаанаар Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж 92.7 хувийн, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг оны эхний 11 сарын байдлаар  94.3 хувийн хэрэгжилттэй гэж дүгнэлээ.

 

 Завхан аймаг “Ард иргэдээ сонсох аян”-аа 2019 онд гурван удаа зохион байгуулж, 45 мянга гаруй иргэнийхээ санал хүсэлтийг нэгтгэн эрэмбэлж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган дөрвөн бүлгийн хүрээнд 19 зорилт, 182 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оноос найман тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2020 онд 127,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 55 ажил гүйцэтгэхээс 27 ажил нь өмнөх оны ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд, 28 нь шинэ бүтээн байгуулалтын ажил юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 3.1 тэрбум төгрөгийн эх үүсвэр тусгагдсанаас  өмнөх оны ажлын үлдэгдэл санхүүжилтэд 581.5 сая, шинэ барилга байгууламжид 1.1 тэрбум, барилга байгууламжийн засвар үйлчилгээнд 340 сая төгрөг, мал аж ахуй, газар тариалангийн салбарт 348 сая, бусад салбарт 731.5 сая төгрөгийг зарцуулахаар тусгажээ. Улсын төсвийн болон ОНХС-ийн эх үүсвэрээр сумын Засаг даргын Тамгын газрын гурван барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дөрвөн барилга, цэцэрлэгийн таван барилга, гурван спорт заал, дотуур байрны барилга, соёлын төв, багийн төв  зэргийг шинээр барихаар шийдвэрлэв.

 

2019-12-06 10:33:47