Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс сум цагаан зудтай, Тэс, Баянхайрхан, Тэлмэн сум зудархуу, 20 гаруй багт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Аймгийн онцгой комиссын ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж аймгийн нөөцөөс Баянтэс суманд 15 тонн өвс, 10 тонн тэжээл, Тэс суманд 15 тонн өвс, 10 тонн тэжээл, Баянхайрхан суманд 10 тонн өвс, таван тонн тэжээл, Их-Уул суманд 15 тонн өвс, 15 тонн тэжээл, Тосонцэнгэл суманд 15 тонн өвс, 20 тонн тэжээл, Тэлмэн суманд 10 тонн өвс, 15 тонн тэжээлийг тус тус 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олголоо. Цаг хүндэрч эхэлж буй энэ үед тээврийн зардлыг аймгаас хариуцаж, өвс, тэжээлийг хөнглөлттэй үнээр малчны хотонд хүргэж өгч байгаа нь цагаа олсон чухал ажил боллоо гэдгийг малчид онцолж байв. Энэ ажлын хүрээнд нийт 37 сая төгрөгийн өвс, тэжээлийн үнийн хөнгөлөлт, 5.9 сая төгрөгийн тээврийн зардлын дэмжлэгийг малчдадаа үзүүлж, 6.4 сая төгрөгийн зардлаар 1.2 километр газар далпуу татаж малын тэжээл хүргэх зам гаргаж, бэлчээрлэх боломжийн нээж өглөө.