НҮБ-ЫН “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2020-2021 ОНД 2.2 САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
447 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр Завхан аймагт 2017 оноос хойш таван жилийн хугацаатай хэрэгжиж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс Завхан аймагт ажиллаж өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр орон нутагтай хамтран хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэж, ирэх жилүүдэд хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ: “2019 он бидний хувьд олон чухал амжилтад хүрсэн онцлох жил байлаа. Нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгийн орчинд цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх, усны эрүүл ахуйн чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой үр дүнд хүрлээ. Мөн хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэндийг сайжруулах зорилтын хүрээнд олон ажлыг зохион байгуулсан нь үр дүнгээ өглөө. Тухайлбал, хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллолт улсын дунджаас сайжирч, хүүхдийн өсөлт хоцрогдол баруун аймгуудад 17 хувьтай байхад Завхан аймагт 10 хувь болж буурсан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсанд баяртай байна. Завхан аймаг орон нутгийнхаа төсөв, төлөвлөгөөг батлахдаа хүүхдийн оролцоог ханган ажиллаж байгаа нь сайшаалтай.  Цаашид энэ бүх ололт амжилтаа бататгаж, илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ирэх жилүүдэд сум бүрийн ундны усны эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарал хандуулахаас гадна Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай”-ны чанарыг сайжруулахад эцэг эх, олон нийтийг татан оролцуулах, тэднийг мэдлэг, мэдээллээр хангах, засаглал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, 2020-2021 онд Завхан аймагт 2.2 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулжээ.

 

2019-12-04 02:32:20