НҮБ-ын Хүүхдийн сангаас 2019 оны “Дэлхийн хүүхдийн аж байдал” үндэсний танилцуулгаа Улиастай хотод зохион байгууллаа. “Хүүхэд хүнс ба хоол тэжээл” сэдвээр гаргасан энэ оны тайланд хоол тэжээлийн дутал, буруу хооллолтын улмаас дэлхий даяар олон сая хүүхэд эрүүл мэндээрээ хохирч буйг онцолжээ. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг нэн тэргүүнд тавьж ажилласны үр дүнд улсын хэмжээд томоохон ахиц дэвшил гарчээ. Ялангуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжиж буй Завхан аймагт бодит ахиц дэвшил гарч байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч онцоллоо.
НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхэд хүнс ба хоол тэжээл” өдөрлөгийн үеэр Завхан аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хүүхэд, эцэг эх, иргэд олон нийтэд хүүхдийн эрүүл зохистой хооллолт ба өсөлт хөгжил, сургууль цэцэрлэгийн хоолны орчин, өрхийн ундны усны эрүүл ахуй, өрхийн хүнсний аж ахуй зэрэг олон сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэхүү үйл ажиллагаанд ач холбогдол өгч оролцлоо.
Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл, чанартай хоол хүнс бэлтгэх тоног төхөөрөмж дутмаг байдаг аж. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмжийг сайжруулах, чанартай хүнс бэлтгэхэд нь анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.