Завхан аймаг НҮБ-тай 2017 оноос хамтран ажиллаж 2018 онд 496 мянган доллар, 2019 онд 2.2 сая долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байна. Зудын нөхцөл байдал үүссэн үед мал, малчнаас гадна хүүхэд хохирч үлддэг. Тиймээс НҮБ-ийн суурин төлөөлөгчтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд гамшгийн эрсдэл өндөртэй Тосонцэнгэл, Их-Уул, Тэс, Баянтэс сумын 0-5 насны 2800 хүүхэд тус бүрт 40 мянган төгрөгийн тусламж үзүүлээд байгаа юм. НҮБ-ын ажлын хэсгийнхэн төсөл хэрэгжсэн сумдадаа ажиллаж, хяналт мониторинг хийлээ. Өвөлжилт хүндэрч эхэлсэн энэ үед хүүхдийн мөнгөний дансаар дамжуулан олгож байгаа олон улсын донор байгууллагын энэхүү тусламжийг зөв зарцуулах нь чухал гэдгийг онцоллоо. Малчдын хувьд ч цаг үеэ олсон чухал хөрөнгө оруулалт болсныг хэлж байв.
Ажлын хэсгийнхэн мөнгөн тусламж зорилтот бүлэгтээ хэрхэн хүрч, үр дүнгээ өгч буйд хяналт тавьж ажилласнаас гадна фокус бүлгийн ярилцлага зохион байгуулж, орон нутгийн удирдлага, албан хаагчидтай уулзалт хийлээ. Төслийн хоёрдугаар шат 2020 оны хоёр, гурав, дөрөвдүгээр сард хэрэгжих бөгөөд энэ жилийн зудын зураглал дээр үндэслэн сонгогдсон сумдын 0-5 насны найман мянга хүртэлх хүүхдэд тус бүр 60 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.