ИХ-УУЛ СУМ 300 ХҮНИЙ СУУДАЛТАЙ ШИНЭ СОЁЛЫН ТӨВТЭЙ БОЛЛОО
979 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хөдөөгийн иргэд урлаг, соёлын үйлчилгээг тохь тухтай орчинд авах боломж бүрдсээр байна. Завхан аймгийн Их-Уул суманд улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. 1968 онд байгуулагдаж, 1971 оноос хойш 48 жилийн турш хуучин барилгад үйл ажиллагаагаа явуулсан Их-Уул сумын Соёлын төв 1916 метр.квадрат талбайтай, хоёр давхар шинэ байртай боллоо. Тус сум долоон мянга орчим хүн амтай томоохон сум тул хуучин барилгадаа урлаг соёлын үйлчилгээгээ явуулахад нэлээд хүндрэлтэй байжээ. Соёлын төвийн шинэ барилга номын сан, музейн танхим, үзвэрийн заал, бүжгийн заал, сургалтын өрөөтэй гээд орчин үеийн зураг төслөөр орон нутгийн “Харганат” ХХК 1.4 жилийн хугацаанд барьж ашиглалтад орууллаа.

Энэ онд Завхан аймгийн хэмжээнд 17.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий Соёлын төвийн долоон барилгын ажил үргэлжилж, хоёр дахь сум шинэ байртай боллоо. Урлаг соёлын үйлчилгээ сайн байгаа газарт ард иргэдийн сэтгэлгээ хандлага эерэг байдаг байна. Тиймээс Завхан аймаг 23 сумын Соёлын төвүүдийнхээ дунд 2019 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны тавдугаар сар хүртэл найман сарын хугацаанд “Манлай соёлын төв” шалгаруулах уралдаан зарлаж, шилдгийн шилдэг Соёлын төвөө фургон автомашинаар шагнахаар шийдвэрлэсэн билээ.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2019-12-17 02:48:39