Монгол Улсын хамгийн хүйтэн бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болж алба хаачдын ажиллах орчин нөхцөл сайжирлаа. Анх 1961 онд “Цагдан сэргийлэх анги” нэртэйгээр байгуулагдаж, 2009 оноос Цагдаагийн хэлтэс болж өргөжсөн тус хэлтэс тойргийн есөн сумын 260 гаруй мянган га нутаг дэвсгэрт орших 30 орчим мянган хүн амын амар тайван, аюулгүй байдлыг хангаж, гэмт хэргийг шалгах, урьдчилан сэргийлэх, таслан зогсох, илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 1994 оноос хойш эмнэлгийн зориулалттай, стандартын шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулж байсан бол 25 жилийн дараа 2400 метр.квадрат талбайтай, хоёр давхар цутгамал байртай боллоо. Шинэ байрыг орон нутгийн “Пирамид проект” ХХК орчин үеийн зураг төслөөр хоёр жилийн хугацаанд чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэжээ.
Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн шинэ барилга нь орчин үеийн зураг төслөөр улсын хэмжээнд баригдсан хоёр дахь барилга юм. Тусгай зориулалтаар тоноглогдсон уулзалт мэдүүлгийн өрөө, зэвсэг, эд мөрийн баримт хадгалах өрөө, хүүхдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх танхимтай, эрүүлжүүлэн баривчлах байр нь дотроо ариун цэврийн өрөө, шүршүүртэй гээд үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор бүрэн хангагджээ. Шинэ барилгын нээлтийн үеэр амжилт бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ