ЗАВХАН АЙМАГ “АРД ИРГЭДЭЭ СОНСОХ НАЙМДУГААР АЯН”-АА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1688 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг ард иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнадаг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг  “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж дөрөв дэхь жилтэйгээ золгож байна.  “Ард иргэдээ сонсох аян”-ыг 2019 онд гурван удаа зохион байгуулж 45 мянга гаруй иргэнийхээ санал хүсэлтийг үндэслэн 2020 оны төсөв, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ баталсан билээ. “Ард иргэдээ сонсох наймдугаар аян”-аа 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс нэгдүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зургаан ажлын  хэсэг хөдөөгийн 23 сумын 110 багт ажиллаж ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, төрийн мэдээ мэдээллийг хүргэхээс гадна төрийн албан хаагчдын ажлыг иргэдээрээ үнэлүүлж, 2021 оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах иргэдийнхээ саналыг авч байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, ахмад төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл ажиллаж байна.

Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут суманд аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр суманд аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваагаар ахлуулсан ажлын хэсэг, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн суманд аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаагаар ахлуулсан ажлын хэсэг, Эрдэнэхайрхан, Сантмаргаз, Цэцэн-Уул,  Яруу суманд аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал суманд аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат суманд Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг тус тус ажиллаж байна.

Завхан аймаг “Ард иргэдээ сонсох наймдугаар аян”-аар нийт айл өрхийнхөө 80-аас дээш хувиар орж иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох зорилт тавин ажиллаж байгаа юм. Мөн сумдын Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагын үйл ажиллагаанд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт, үнэлгээ хийж зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

2020-01-16 10:45:46