ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
3575 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Завхан аймгийн Онцгой комисс 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

 

  1. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, баар цэнгээний газар, караоке зэрэг  үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ.
  2. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд зохион байгуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх талаар айл өрх, албан байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.
  3. Аймгийн Эрүүл мэндийн газарт ард иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх “Нээлттэй утас” ажиллуулахаар боллоо.
  4. Орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөн ихэсч буйтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас зорчигчдыг угтах, зөвлөх үйлчилгээг нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.
  5. Ханиад томуугаар өвчилсөн хүүхдээ асрах шаардлагатай 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно. Ингэхдээ байгууллага бүр ажлын байрны онцлогтоо тохируулан шийдвэр гаргахыг төрийн өмчийн болон төсвийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагуудад “Уриалга” хүргүүллээ.
  6. Хүүхдийн тасгийг дулаан байлгах, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах,  орчны тохижилт соёлжилтод онцгой анхаарч ажиллахаар боллоо. Ачаалал нэмэгдсэн тохиолдолд нөөц ор гаргах, зарим тасгийг хүүхдийн эмчилгээний тасаг болгох үүргийг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад өглөө.
  7. Эрсдэлийн үнэлгээ хийх, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг аймгийн Онцгой байдлын газар, ажлын хэсэгт даалгалаа.
  8. Албан байгууллага, айл өрхүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан аймгийн Засаг даргын “Албан даалгавар” гаргахаар болж, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоолоо. Ресторан, зоогийн газруудыг 20:00 цаг хүртэл, дэлгүүрийг 22:00 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэв.
  9.  Хүүхдийн тасгийн хоёрдугаар сарын цахилгааны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргалаа.
  10. Гуравдугаар сарын 2 хүртэлх хугацаанд группынх нь хугацаа дууссан иргэдийн хугацааг сунгагдсанд тооцохоор шийдвэрлэлээ.
  11. Ард иргэд маскаа тогтмол зүүж, албан байгууллагууд үйлчлүүлэгчдэдээ аньс, чацаргана, аарц зэрэг амин дэмтэй хүнсээр үйлчилж дархлаа дэмжих ажлыг сайтар зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссоос үүрэг болголоо.

 

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-01-28 09:42:06