Завхан аймгийн хүүхдүүд хичээлийн бус цагаар чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх таатай орчин нөхцөл бүрдсээр байна. Усан бассейн бүхий спорт цогцолборт хүүхдүүд төрөл бүрийн спортоор хичээллэж байгаа бол энэ удаад тэшүүрийн талбай нээлтээ хийлээ. Аймгийн Засаг даргын захирамжаар Завхан аймаг сар бүрийн нэгний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарлаж тэдний санал хүсэлтийг тогтмол сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргасаар байна. Тэшүүрийн талбайтай болох тухай хүүхдүүдээс ирсэн саналын дагуу “Цэнгэлдэх хүрээлэн”-гээ тохижуулсан нь олон иргэдийн талархлыг хүлээж байна.
Энэхүү тэшүүрийн талбай дээр хүүхдүүдээс гадна насанд хүрэгчид ч гэр бүл, найз нөхөд, хамт олноороо эрүүл агаарт биеэ чийрэгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна. Тэшүүрийн спортоор хичээллэхийг хүссэн иргэд дулаан орчинд хувцасаа солиод гулгах боломжийг бүрдүүлжээ. Мөсөн талбайн нээлтийн үеэр тэшүүрийн тэмцээн, мөсөн урлан шалгаруулах уралдаан, бөмбөгтэй хоккейн тэмцээнүүдийг бүх насныхны дунд зохион байгуулав. Мөсөн талбай өдөр бүр ажиллах бөгөөд гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэсэн тул ард иргэд оройн цагаар ч тэшүүрээр гулгах боломжтой болжээ.