ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО
510 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх зүтгэлээрээ үе тэнгийнхээ хүүхдүүдийг манлайлж, эх орон, төрөлх нутгийнхаа нэрийг улс, бүс, дэлхийн дэвжээнд цуурайтуулсан оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Батсайхан нээж үг хэллээ. Тэрээр: “Хүнээ хөгжүүлсэн нутаг орон хөгждөг. Тиймээс Завхан аймаг хүнийхээ хөгжилд онцгойлон анхаарч “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Хүүхэд багачууд маань Завхан нутаг, Монгол улсын ирээдүйн хөгжлийг түүчээлэх залгамж халаа тул одооноос хүүхдийнхээ хөгжилд анхаарах учиртай. Тиймээс Завхан аймаг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2017 оноос “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хүүхдүүдээ тав тухтай, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл, эрүүл хүнсээр хангах, урам дэм өгөх, хүүхдээ сонсож ажиллахад онцгойлон анхаарлаа хандуулж байна. 2019 онд Ерөнхий боловсролын таван сургууль, таван цэцэрлэг хичээлийн шинэ байртай болсон бол 2020 онд  найман сургууль, цэцэрлэг шинэ байртай болно. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Завхан аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн 50-иас илүү хувь нь шинэ байртай болж буй сайхан мэдээг дуулгахад таатай байна. Мөн хуучин хичээлийн байр, дотуур байруудаа засварлаж шинэчлэх ажлыг үе шаттай хийнэ. Малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г сум бүрт байгуулж, аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн нэгний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосон зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлж байна. Нутгийхаа нэрийг өндөрт өргөж, өөр өөрийн амжилтаараа мялаасан хүүхдүүдийн маань ирээдүй тунгалаг сайхан байхын ерөөл өргөе” гэлээ.

 “Оюунлаг зөв хүүхэд”-ээр Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн аравдугаар ангийн сурагч Б.Билгүүн, Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Б.Даваацэрэн, “Авьяаслаг зөв хүүхэд”-ээр Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Л.Бямбадорж, “Спортлог зөв хүүхэд”-ээр Яруу сумын Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч У.Бямбадорж, Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч Г.Ууганжаргал, Улиастай сумын дөрөвдүгээр сургуулийн насан туршийн боловсролын ангийн суралцагч Э.Бямбажаргал, “Соёлын өвийг тээгч зөв хүүхэд”-ээр Цэцэн-Уул сумын ЕБС-ийн арванхоёрдугаар ангийн сурагч М.Алтансүх, “Тэргүүний идэвхтэн зөв хүүхэд”-ээр Улиастай сумын гуравдугаар сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч М.Майдар, Дэвшил сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Р.Цэнд-Аюуш, Жавхлант цогцолбор сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч С.Дэлгэрмаа, “Хөдөлмөрч зөв хүүхэд”-ээр Түдэвтэй сумын арваннэгдүгээр ангийн сурагч Н.Мөнхзаяа, “Шударга үйлстэн зөв хүүхэд”-ээр Дэвшил сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Д.Болор-Эрдэнэ, “Эх оронч зөв хүүхэд”-ээр Улиастай сумын дөрөвдүгээр сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Д.Доржсүрэн, “Тэргүүний хүүхдийн оролцооны байгууллага”-аар Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн “Өсвөрийн сэтгүүлч” клуб, Шилүүстэй сумын ЕБС-ийн хүүхдийн оролцооны байгууллага, “Үндэсний соёлын өвийг тээгч шилдэг уралдаанч хүүхэд”-ээр Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн зургаадугаар ангийн сурагч М.Дашдаваа, “Өсөх ирээдүйтэй зөв хүүхэд”-ээр Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Л.Бишрэлт-Од, Б.Цэрэндолгор, 2019 он Завхан аймгийн “Оны онцлох хүүхэд”-ээр Тэс сумын ЕБС-ийн арванхоёрдугаар ангийн сурагч Ө.Мөнхзул, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” медалиар Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн А.Мандухай нар шалгарсан бол  “Багийн спорт” төрөлд өсвөрийн сагсан бөмбөгийн баг тамирчид шилдгээр шалгарч сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэг хүртлээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2019-12-28 02:26:29