2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Завхан аймаг 8921 малчин өрх, 4471 мал бүхий өрхийн 3849.9 мянган толгой мал тоолуулж өнгөрсөн оноос малын тоо 294.5 мянган толгой малаар өсчээ. Хонь 123.5 мянга, ямаа 125.9 мянга, тэмээ 0.3 мянга, адуу 21.1 мянга, үхэр 23.7 мянган толгойгоор тус тус өсжээ. Нийт малын тоогоор Алдархаан сум 316.1 мянган толгой малаар тэргүүлсэн бол Их-Уул сум 289.3 мянган толгой, Отгон сум 232.5 мянган толгой, Яруу сум 225.6 мянган толгой, Эрдэнэхайрхан сум 219.4 мянган толгой малаар тус тус удаалсан байна. Аймгийн хэмжээнд нийт 642 мянгат малчин өрхтэй болжээ. Үүнд, Эрдэнэхайрхан сум 79, Алдархаан сум 78, Яруу сум 60 мянгат малчнаар тус тус тэргүүлсэн байна. Нийт малчин өрхөд 15.644 малчин байгааг насны бүлгээр авч үзвэл 15-34 насны 4225 малчин байна. Харин 35-59 насны 9385, 60-аас дээш насны 2034 малчин байна. Нийт малчдын 56.1 хувь буюу 8772 нь эрэгтэй, 43.9 хувь буюу 6872 нь эмэгтэй малчид эзэлж байна. Мал тооллогод нийт 940 хүн, хяналтын тооллогод 48 хүн, 185 машин техник ажиллажээ.
2019 онд 126 өрхийг малжуулжээ
Завхан аймагт 2019 онд 510 худаг, 11428 малын хашаа тоологдож өмнөх онтой харьцуулахад аймгийн дүнгээр худгийн тоо хоёроор, малын хашаа 300-аар тус тус өссөн байна. Малжуулах хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 168.8 сая төгрөгөөр 126 өрхийн 557 иргэнийг 6503 малаар малжуулжээ. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил долоон худаг шинээр гаргаж, есөн худаг засварлаж нийт 185.8 сая төгрөг зарцуулжээ. Худаг шинээр барих, засварлах ажилд улсын төсвөөс 162.2 сая, гаднын хөрөнгө оруулалтаар 16 сая, малчин иргэд өөрсдийн санаачилгаар 7.6 сая төгрөгийг зарцуулсан байна.