Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл, Их-Уул, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн сум цагаан зудтай, Отгон, Сонгино, Завханмандал, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сум зудархуу байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын 199 өрхийн 288 малчин, 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудад отроор өвөлжиж байна. Цас их унасны улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж, тэжээлд оржээ. Иймд аймгийн аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчны хотонд хүргэх ажлыг зохион байгууллаа. Мөн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах ажлын хэсэг хөдөөгийн 23 суманд ажиллаж Тосонцэнгэл, Асгат, Түдэвтэй, Нөмрөг, Эрдэнэхайрхан, Их-Уул суманд нийт 55 тонн тэжээл, 20 тонн өвсийг 50 хувийн хямдралтай үнээр нэмж олгов. Баянтэс суманд 1000 километр, Тэс суманд 284 километр далпуу татаж, Баянхайрхан суманд далпуу татахад 2.5 сая төгрөг, Асгат суманд далпуу татахад 1.5 сая төгрөг тус тус шийдвэрлэж өглөө. Дээрх сумдад нийт 14.1 сая төгрөгийн өвс, тэжээлийн үнийн хөнгөлөлт үзүүллээ. Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвс, 90 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 803 тонн өвс, 173 тонн тэжээл дуусаад байна.
ХХААХҮЯам ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, Тосонцэнгэл суманд онцгой комиссыг хуралдууллаа. Аймгийн зүгээс нэн тэргүүнд шаардлагатай 764 тонн өвс, 745 тонн тэжээлийг улсын нөөцөөс хямдралтай үнээр олгох, гурван сумын түргэн тусламжийн автомашин, Тосонцэнгэл сумын төвлөрсөн халаалтын шугамын шинэчлэл, худаг ус, үлийн цагаан оготны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Ажлын хэсгийнхэн дөрвөн сумын худгийн асуудлыг шийдвэрлэж, аймгаас тавьсан бусад хүсэлтүүдийг Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар оруулж шийдвэрлэхээр боллоо.