Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг найм дахь жилдээ тодорхойлон танилцууллаа. Аймгуудын өрсөлдөх чадварыг дүгнэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулгын нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог байна. Энэ жил өрсөлдөх чадвараа сайжруулсан найман аймгийн нэгээр Завхан аймаг шалгарлаа. Завхан аймаг өрсөлдөх чадвараараа 2016 онд 19 дүгээр байрт жагссан бол 2017 онд 50.4 оноогоор, 2018 онд 54.22 оноогоор тус тус 17 дугаар байрт, 2019 онд 54.63 оноогоор 16 дугаар байрт жагсаж, жил ирэх тусам өрсөлдөх чадвараа сайжруулсаар байна.