Манай улсад шинэ коронавирусын халдварын эрсдэлийн зэрэг өндөр гарсан тул болзошгүй эрсдэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гарлаа. Тус албан даалгавраар аймаг, сумын Онцгой комиссын гишүүд, албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө. Тухайлбал, сум орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд хяналт тавих, Улаанбаатар хотоос ирж буй иргэдийн судалгааг гаргаж шаардлагатай бол үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах, орон нутгийн эм ханган нийлүүлэх байгууллагуудыг үнэ хөөрөгдүүлэх асуудлаас сэргийлж, үнэ хөөрөгдсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авахыг анхааруулж ажиллах, хилийн хяналтыг сайжруулж, тандалт судалгааг эрчимжүүлэх, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд амарсантай холбогдуулан тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж хүргүүлэх талаар эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлийг сайжруулах, ажлын бус цагаар буюу 18:00 цагаас хойш ажилчдыг ажиллуулахыг хориглож, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх зэрэг 34 заалт бүхий үүрэг даалгаврыг өглөө. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд долоо хоног бүр хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэв.