ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
1064 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Очирваанийн адистай

  Оюунлаг Завханчууддаа

Хөгжлийн замаар жигүүрлэсэн

Хулган жилийн мэндийг дэвшүүлье.

 

Завхан нутгийн маань зам харилцаа сайжирч, бүтээн байгуулалтын их ажлууд сум бүрт өрнөж, хөгжилд хөтөлсөн ээлтэй сайхан жилээ та бид хамтдаа үдэж, ивээл хишиг арвин их амжилтын түүчээ ам цагаан хулгана жилээ угтаж байна.

 

Улиран одож буй шороон гахай жилдээ Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай замын ажлаа бүрэн дуусгаж, Завхан аймаг 300 гаруй км хатуу хучилттай замтай болсон бол хулгана жилд Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын ажлаа бүрэн дуусган ашиглалтад оруулж, Улаанбаатар хоттой 100 хувь хатуу хучилттай замаар  холбогдож, хүн бүрт боломж нээгдсэн, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэсэн хөгжлийн замтай аймаг болно.

 

Ард иргэдээ сонсдог, ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, ажлын тайлангаа ард иргэддээ сар бүр хүргүүлдэг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилтоо амжилттай хэрэгжүүлж “Ард иргэдээ сонсох аян”-аа  найман удаа зохион байгуулж, төр-иргэний харилцаа сайжирлаа.

 

Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн сургууль, цэцэрлэг, Сумын Засаг даргын Тамгын газар,  Соёлын төв, Эрүүл мэндийн төв зэрэг шинэ барилгын ажлууд бүрэн дуусч ашиглалтад орсноор хүн зонд маань тохь тухтай орчин бүрдсэн ээлтэй сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна.

 

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих томоохон зорилтоо та бид хамтдаа хэрэгжүүлж өрх бүр үйлдвэрлэгч болох үүд хаалгаа нээж, сум бүрт жижиг үйлдвэрүүд байгуулагдаж, хүн бүр хөдөлмөрлөж, өрх бүрийн орлого нэмэгдсэн бүтээлч сайхан жил байхын өлзийтэй ерөөл өргөе.

 

Амжилт бүтээл, аз жаргалыг дагуулан айлчлан ирж буй “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилд хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн “Оюунлаг Завханчууд” хөтөлбөр, “Сайн багш”, “Сайн эмч”, “Сайн бизнесмен”, “Сайн малчин”, “Сайн оюутан” дэд хөтөлбөрүүд маань амжилттай үргэлжилж, хөгжлийн түүчээ хүн та хөгжсөн, айл бүрт аз жаргал  бялхаж, инээд хөөр цалгисан,  аз хийморьтой сайхан жил байхын ерөөл айлтгая.

                                                                                                                                               

            ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА  Д.БАТСАЙХАН

 

 

2020-02-23 18:45:38