ӨНӨӨДӨР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАХ ТУХАЙ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА
7731 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдрийн /2020-02-26/ Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж зорчих хөдөлгөөн хязгаарлах тухай дараах шийдвэрүүдийг гаргалаа. Хот хооронд, орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Дараах гурван  тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгоно. Үүнд: Нэгдүгээрт, албан томилолттой бол томилолтын хуудас, удирдамж, шуурхай комиссын шийдвэрийг үндэслэн Хоёрдугаарт,  эмнэлгийн шалтгаанаар нэвтрэх тохиолдолд өвчтөн илгээх 13А маягт, нэгдсэн эмнэлгийн даргын тодорхойлолт, шуурхай штабын зөвшөөрлийн бичгээр Гуравдугаарт, ар гэрийн гачигдлаар нэвтрэх тохиолдолд цагдаагийн байгууллагын тодорхойлолт эсвэл эмнэлгийн даргын тодорхойлолтыг үндэслэн аймгийн “Шуурхай штаб”-ын зөвшөөрлөөр тус тус нэвтрүүлнэ. Дээрх гурван тохиолдлоос бусад үед нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв. Нэвтрэх зөвшөөрлийг сум дотроо сумын Засаг даргын зөвшөөрлөөр, сум хооронд аймгийн “Шуурхай штаб”-д мэдэгдсэнээр сумын даргын зөвшөөрлөөр, бусад аймаг,  Улаанбаатар хот руу нэвтрэх тохиолдолд аймгийн “Шуурхай штаб"-ын зөвшөөрлөөр тус тус нэвтрүүлнэ. Иймд Аймгийн Онцгой комиссын гишүүд, эргүүл, постууд 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл үргэлжлүүлэн ажиллах тул сумдын Засаг дарга нар, аймгийн Онцгой комиссын гишүүд хариуцлагатай ажиллахыг тус тус үүрэг болгов.

 

2020-02-26 19:20:31