НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН ДӨРВӨН БАЙГУУЛЛАГА ХАМТРАН ЗАВХАН АЙМГИЙН МАЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ШИНЭ ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЛЭЭ
1293 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг 2017 онд “Нүүдэлчдийн соёлын наадам” зохион байгуулж, нүүдэлчдийн өв соёлоо сурталчилан, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээс гадна олон улсын байгууллагууд, гадаадын элчин сайдын яамдуудын төлөөллийг урьж Завхан нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах санал солилцсон билээ. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд олон улсын зах зээлээс 11 сая долларын санхүүжилтийг орон нутагтаа авч чадсан байна. Тухайлбал, 2017 оноос хэрэгжиж буй НҮБ-ын “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 496 мянган доллар, 2020 онд 2.2 сая долларын хамтын ажиллагааны гэрээг тус тус үзэглэсэн юм. Энэ удаад НҮБ-ын төрөлжсөн дөрвөн байгууллага буюу Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан анх удаа хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийг 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Kаори Ишикава, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох албаны хүмүүс болон орон нутагт уг төслийг хамтран хэрэгжүүлэх албан байгууллагын дарга, сумын Засаг дарга нарын төлөөлөл оролцов.  

Энэхүү төсөл нь малчдын бизнес санал санаачилгыг өргөжүүлж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, хоршооны үйл ажиллагааг дэмжих замаар тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхийн байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлж, цочролын дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилготой юм. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ: “НҮБ-ын шинэчлэл, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд шинэ төслийг эхлүүллээ. Энэ төслийн онцлог нь  НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд дангаараа үйл ажиллагаа явуулахаасаа илүү хамтарч тодорхой үр дүнд хүрэхийг зорьж байна. Тухайлбал, Хүүхдийн сан малчдын хүүхдүүдийг хэрхэн хамгаалах талаар, Хүн амын сан залуу малчдад бизнес эрхлэхэд нь туслах, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийг хэрхэн бий болгож орлогоо нэмэгдүүлэх, Олон улсын хөдөлмөрийн байгууллага малчид хөдөлмөрөөрөө хэрхэн хорших, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах зэргээр хамтарч үр дүнд хүрэх юм. Төсөл амжилттай хэрэгжих үндэс нь тухайн орон нутаг өмнө нь энэ чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрсэн эсэхээс их хамаарна. Тиймээс Завхан аймаг “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь төслийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэх бүрэн бололцоотой гэж үзэж байна. Төслийн үр дүнгээс хамаарч цаашид улсын хэмжээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ” хэмээн онцоллоо. Тус төслийн хүрээнд малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг 20 хувь, эрүүл мэндийн даатгалыг 50 хувьд хүргэх зорилт тавиад байна. 

 

НҮБ-ын санхүүжилтээр хөдөөгийн 23 сумын 7000 гаруй хүүхдэд тус бүр 60 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэлээ

 

НҮБ-ын туршилтын төслийн хүрээнд өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Завхан аймгийн гамшгийн эрсдэл өндөртэй дөрвөн сумын 0-5 насны 2800 хүүхдэд тус бүр 40 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Төслийн эхний шатыг Завхан аймаг амжилттай хэрэгжүүлсэн тул аймгийн Засаг даргын саналыг хүлээн авч төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагааг эхлүүлж, хөдөөгийн 23 сумын 7000 гаруй хүүхдэд тус бүр 60 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөнгөн тусламжийн эхний санхүүжилт 20 мянган төгрөгийг сар шинийн баярын өмнө хүүхэд бүрийн дансанд шилжүүлсэн бол үлдсэн санхүүжилтийг гурав, дөрөвдүгээр саруудад олгох юм.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-02-18 19:51:33