Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл, Их-Уул, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Яруу, Идэр, Алдархаан, Цагаанчулуут сумууд цагаан зудтай, Отгон, Сонгино, Завханмандал, Сантмаргаз, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сум зудархуу өвөлжлөө. Өвөлжилт хүндэрсэн сумын малчид жил бүр хөрш зэргэлдээ аймгуудад отор нүүдэл ихээр хийдэг. Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумын 199 өрхийн 288 малчин, 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын 10 сумын нутагт отроор өвөлжлөө. Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан дөрвөн ажлын хэсэг 2020 оны хоёрдугаар сарын 6-12-ны өдрүүдэд 4000 гаруй километр замыг туулж гадна аймгийн нутагт отор нүүдэл хийж байгаа оторчдоо эргэж, малчдынхаа нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ ажлын хүрээнд оторчид өвөлжиж буй аймаг, сумдын удирдлагуудтай уулзалт хийж холбогдох шийдлүүдийг гаргаснаас гадна оторчдынхоо саналыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст уламжилан шийдвэрлүүллээ.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ