МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
451 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2020 оны хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэгтэй хамт Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Их-Уул, Асгат, Баянхайрхан сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулж, улсын нөөцөөс өвс, тэжээл хямдралтай үнээр олгох тухай малчдынхаа хүсэлтийг уламжиллаа. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ: “Завхан аймагт өвөлжилт их хүнд байна. Энэ нөхцөл байдлаа даван туулахын тулд аймгийн удирдлагууд нэгдсэн зохион байгуулалттай, маш сайн ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө арга буюу хүчин мөхөстөж байна. Хамгийн гол нь зөвхөн төр засгийг хараад суух бус олон улсын байгууллагуудад хандаж орон нутгийнхаа онцлогийг ойлгуулж, хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаад би их баяртай байна. Аймгийн удирдлагууд ийнхүү бүх боломжоо дайчилж сайн ажиллаж байгаа учраас туслах ёстой. Бид анх Завхан аймагт 760 тонн өвс, 740 тонн тэжээл олгохоор тооцоолсон бол газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, аймгийн удирдлагуудын саналыг үндэслэн улсын нөөцөөс 883 тонн өвс үнэгүй, 905 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор шийдвэрлэлээ. Мөн аймгаас уламжилсан нэн тэргүүнд шаардлагатай автомашинуудын асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэнэ” гэлээ.

Орон нутаг санаачилгатай ажиллаж байгаа учраас сүүлийн гурван жилд Завхан аймагт зөвхөн Улсын Онцгой комиссоос 3.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ. Энэ удаад нэг тэрбум гаруй төгрөгийн  дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-02-18 15:08:15