ЗАВХАН АЙМГИЙН 19 СУМАНД ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЛЭЭ
406 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2020 оны хоёрдугаар сарын 25-29-ний өдрүүд, гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамран их хэмжээний цас орсны улмаас тал газраа 40-60 сантиметр, уулархаг газраа 60-80 сантиметр, гуу жалгандаа 1-2 метр цас унаж, үелсэн мөсөн бүрхүүл тогтсоноор хаваржилт хүндрээд байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн улсын чанартай Солонгот, Загастай, Ганц, Согоот, Агуйт, Дөрөлж даваанууд, хойд чиглэлийн сумдын орон нутгийн чанартай ихэнх замууд хаагдаж, Баянтэс, Тэс, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Нөмрөг зэрэг сумдад мал бэлчээрлэх боломжгүй болж, малчидтай харилцаа холбоо тогтооход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Монгол  Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу үнэлэхэд өмнө нь цагаан зудтай байсан Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй сумууд дээр нэмж Цагаанхайрхан, Яруу, Идэр, Улиастай, Алдархаан, Цагаанчулуут сумууд нэмэгдэж 15 сум цагаан зудтай, дөрвөн сум цагаанаар зудархуу ангилалд орж, 24 сумын хэмжээнд 18 мянган толгой мал хорогджээ. Аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг даргын зүгээс улсын чанартай зам даваануудыг хоёр удаа онгойлгож, Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Асгат, Баянхайрхан, Нөмрөг сумдад зам, даваа онгойлгохоор хүн хүч, машин техникийг гаргаж, далпуу татаж зам онгойлгох ажлыг зохион байгуулж байна.

2019 оны 11 дүгээр сард сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлээ, 12 дугаар сар болон 2020 оны нэгдүгээр сард аймгийн өвс, тэжээлийн нөөцөө 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдадаа  хүргэсэн бол Улсын Онцгой комиссоос хуваарилсан 803 тонн өвсийг үнэгүй, 905 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өвөлжилт хүндрэлтэй сумуудад хуваарилж, тээврийн зардлыг аймгаас шийдвэрлэн малчны хотонд хүргэх ажлыг зохион байгууллаа. Гуравдугаар сарын эхний арав хоногт цас орж, шуурах мэдээтэй байгаа  тул хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар малчдын гар дээр бэлтгэсэн болон сум, аймаг, улсын нөөцийн цэг салбарууд дахь өвс, тэжээлийн нөөц дууссан байна. Аймгийн Онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 26, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдаж малчид, сумын удирдлагуудаас санал авсны үндсэн дээр эхний ээлжинд улсын нөөцөөс 579 тонн өвс, 450 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нэмж олгож, гамшгийн хэмжээнд хүрээд буй нутаг орны малчдад дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг Улсын онцгой комисст дахин уламжиллаа.  

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-03-05 19:05:39