КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
431 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн  “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор аймгийн Онцгой комисс есөн удаа хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

 

“Ажлын тусгай горимд түр шилжүүлэх тухай” аймгийн Засаг даргын А/68 тоот захирамжаар сум бүрт шуурхай штаб, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий аймгийн “Шуурхай штаб”-ыг тус тус байгуулж онцгой комиссын гишүүд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Энэ хугацаанд Завхан аймагт шинэ төрлийн коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж сөрөг буюу халдваргүй хариу гарлаа.

 

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Их-Уул суманд 24 цагийн ажиллагаатай хяналтын пост ажиллуулах, зоогийн газрыг 18:00 цаг, дэлгүүр, худалдаа үйлчилгээний цэгүүдийг 20:00 цагаас хойш ажиллуулахгүй байх, байгууллагынхаа онцлогт тохируулан ажлын цагийг багасгах замаар ажилтнуудынхаа гэр бүлдээ зарцуулах цаг хугацааг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтэл, ариутгал хийх ажлыг эрчимжүүлэх, Ерөнхийлөгчийн уриалга, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд иргэд бие биедээ шаардлага тавьж, хариуцлагатай хандах, зөрчил гаргасан иргэн, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, зорчих хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан шалган нэвтрүүлэх 13 цэг, орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг есөн суманд ажиллуулах, “Угтах-Зөвлөх” үйлчилгээг нийтийн тээврийн автобус, нисэх онгоцны буудал дээр зохион байгуулах, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах болон ажиглалтын тусгаарлах байруудыг байгуулах зэрэг шийдвэрүүдийг  гарган аймгийн хэмжээнд 1400 гаруй албан албан хаагч, 117 машин техниктэйгээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-03-09 15:28:48