Энэ удаагийнхаа зочин хойморт гахай жилийн ажил үйлсээрээ 24 сумаа түүчээлж шилдэг таван сумын нэгээр шалгарсан Тосонцэнгэл сумын Засаг дарга Л.Баттулгыг урилаа.
Юуны түрүүнд сүүлийн хоёр жил дараалан ажил үйлсээрээ Завхан аймгийн шилдэг таван сумын нэгээр шалгарсан танай сумын хамт олонд баяр хүргэе.
Баярлалаа. Аймагтаа тэргүүлэх болсон шалтгаан нь олон хүчин зүйлээс хамаарсан болов уу. Төрийн өмчийн болон төсөвт албан байгууллага 24, компани 137, нөхөрлөл 13, хоршоо 23, төрийн бус байгууллага 17, мөн 10 салбар төлөөлөгчийн газрууд болон хөдөлмөрч иргэдийнхээ хамтын зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд Завхан аймгийн шилдэг таван сумын нэгээр шалгарлаа.
Гахай жилд Тосонцэнгэл суманд бүтээн байгуулалтын ажлууд багагүй өрнөсөн болов уу?
Манай суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажлууд хийгдлээ. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Марзын рашааны машин техник явахад хүндрэлтэй замуудыг засварлаж улсын комисс хүлээж авсан. 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн хэлтсийн шинэ байр баригдаж ашиглалтад орлоо. 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхэд, залуучууд, хөгшид чөлөөт цагаа өнгөрүүлэх “Нийтийн биеийн тамир спортын талбай”-тай боллоо. 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 640 хүүхдийн хичээлийн барилгын ажил 2019 онд эхэлсэн 2020 онд ашиглалтад орно.
Өнгөрсөн онд танай сумын орон нутгийн хөгжлийн санд хэдэн төгрөг хуваарилагдаж, иргэдийнхээ саналыг үндэслэн ямар ажлуудад зарцуулав. Энэ онд сумын орон нутгийн хөгжлийн санд хэдэн төгрөг хуваарилагдав. Энэ хөрөнгөөр нэн тэргүүнд хийх шаардлагатай ямар ажлууд байна вэ?
2019 оны орон нутгийн хөгжлийн санд 182 сая төгрөг хуваарилагдаж бүтээн байгуулалтын ажлууд хийлээ. Худалдааны гудамжны хайсны үлдэгдэл хэсгийг шинэчлэх ажлыг 20 сая төгрөгөөр, Дархан-Уул багт 10 сая төгрөгөөр 1.4 километр газарт гэрэлтүүлэг, Баян-Улаан багийн төвийг нүүлгэж барилгыг шинээр барих ажилд 10 сая төгрөг, Оргих багийн төвийг засварлах ажилд гурван сая төгрөг, дөрөвдүгээр цэцэрлэгийн дээврийг солиход найман сая төгрөг, Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад 12.5 сая төгрөгийг зарцуулсан гээд бодит ажлуудыг хийлээ. Сумын Засаг даргын Тамгын газрын баруун талын талбайг нийтийн биеийн тамир, спорт, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар хашиж, доторх тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ онд 48.5 сая төгрөгийн ажил хийгдэнэ. 2020 оны орон нутгийн хөгжлийн санд 164.8 сая төгрөг батлагдсан. Нэлээдгүй ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Өнгөрсөн жил өнөтэй байсан ч энэ жил танай суманд өвөлжилт нэлээд хүндэрлээ. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчны хотонд өвс, тэжээлийг хямдралтай үнээр хүргэх ажлыг аймгаас зохион байгуулсан. Энэ тусламж малчдад багагүй дэм болсон болов уу?
Малчдад маш их дэм бололгүй яахав. Одоо хаваржилтын нөхцөл байдал маш хүнд болоод байна. Мал бэлчээрт гарах боломжгүй, том жижиггүй бүгд тэжээлд орсон, бүх төрлийн малын хорогдол эхэлсэн байна. Малчид маань өөрсдийн гар дээр бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцөө дууссан. Аймгийн аюулгүйн нөөцөөс 60 тонн тэжээлийг 50 хувь хямдралтай үнээр, 55 тонн өвсийг үнэгүй өгсөн. Улсын нөөцөөс 100 тонн тэжээлийг 50 хувь хямдралтай үнээр, 75 тонн өвсийг малчдад үнэгүй олголоо. Сумын өвс тэжээлийн нөөцөд бэлтгэсэн байсан 20 тонн тэжээл, 25 тонн өвсийг малчдад хямдралтай үнээр, зээлээр олгож дууссан. Сумын удирдлагын хувьд олон улсын байгууллагад хандсанаар худалдан авсан үнийн дүнгээс нэг бүрийг нь 6500 төгрөгөөр хямдруулан 30 тонн буюу 1200 уут тэжээлийг найман мянган төгрөгөөр малчин иргэддээ хуваарилан олгоод байна. Улс, аймгаас малчдад тусламж өгч байгаа хэдий ч өвс, тэжээлийн хэрэгцээ шаардлага маш их байна. Манай нутагт цас их унасан учир хавар болох болоогүй, сумын хэмжээнд зах зээлд зарагдаж байгаа өвс, тэжээл дууссан тул сумынхаа бизнес эрхлэгчидтэй хамтран Бая-Өлгий аймгаас хямд үнээр өвс татах ажлыг судалж, эхний ээлжид 10.500 боодол өвсийг татаж малчдадаа олголоо.
Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт дэвшүүлээд дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Гурван жил гаруйн хугацаанд танай суманд ямар үйлдвэрүүд ашиглалтад оров. Хэдэн ажлын байр шинээр бий болгов?
Энэ зорилтын хүрээнд “Баян нью фүүд сентури” ХХК-тай гэрээ байгуулж, хоногт 500 бог, 150-200 бод бойлох хүчин чадалтай махны үйлдвэрийг барьж үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Энэ үйлдвэр ажилласнаар 30-50 хүнийг байнгын болон түр ажлын байраар хангана. Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас манай аймаг хэрэгжүүлж байгаа Эдийн засгийн тусгай төслийн хүрээнд жимс жимсгэний хоёр бүлэг, оёдлын гурван бүлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олгосноор таван бүлгийн 30 гаруй иргэн ажлын байраар хангагдаад байна.
Өнгөрсөн жил сумын бренд бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийг зорьж буй тухайгаа хэлж байсан. Онцлох ямар бүтээгдэхүүн байна вэ?
Манай сумын бренд бүтээгдэхүүн бол нэрс жимс, түүгээр хийсэн бүтээгдэхүүн. Сумын нийт өрхийн 50 орчим хувь нь малтай, 36 орчим хувь нь малчин өрх бөгөөд мал аж ахуйгаас гарч буй малын мах, сүү цагаан идээний чанар сайн учраас зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг нь иргэдийн амьжиргааны дийлэнх орлогыг бүрдүүлдэг. Иймд малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчилан таниулах, үзэсгэлэн худалдаанд оролцуулах, сүү цагаан идээ, мал махаа зах зээлд худалдан борлуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, сумын бренд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор эсгий эдлэл, зөөлөн оёдлын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдээ дэмжиж сум хөгжүүлэх сангаас зээл олголоо. Мод, модон эдлэл тэр дундаа манай мужаануудын хийдэг бүрэн сийлбэртэй гэр бол албан ёсоор бренд гэж зарлаагүй ч улс, аймгийн хэмжээнд танигдсан байдаг.
2020 онд Тосонцэнгэл суманд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар онцлох бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх вэ?
Энэ онд Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 640 хүүхдийн хичээлийн барилга ашиглалтад орно. Гуравдугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн шинэ барилга эхэлнэ. Марзын рашаан хүртэл цахилгаан эрчим хүч татах гээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд цөөнгүй бий. Мөн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөг, сумын орон нутгийн төсвөөс 180 сая төгрөгийн хөрөнгөөр зургаадугаар цэцэрлэгийн барилгыг худалдан авч, цэцэрлэгийн дотоод тохижилтыг өөрсдийн боломжоор бүрдүүлэн, үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо. Японы “Өвсний үндэс” төслийн санхүүжилтээр Нэгдсэн эмнэлэгт 200 сая төгрөгийн их засварын ажил хийгдэнэ.
Ярилцсанд баярлалаа.