Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн зөвлөл хуралдаж 24 сумынд 747 түр болон байнгын ажлын байр шинээр бий болгох зорилгоор 776 сая төгрөгийн эх үүсвэрийг баталлаа. Үүнд:
1. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг төслийн хүрээнд:
1.1 Ажлын байр дэмжих 36 сарын хугацаатай, хүүгүй, таван сая хүртэлх төгрөгийн зээлийг 24 сумын 48 иргэнд олгоно.
1.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих 48 сарын хугацаатай 50 хувь нь эргэн төлөгдөх нөхцөлтэй 2.5 сая төгрөгийн зээлийг 18 сумын 30 иргэнд олгоно.
1.3 Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих 36 сарын хугацаатай, хүүгүй, 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 11 сумын 11 залуучуудын бүлэг /нэг бүлэг таван гишүүнтэй/-т олгоно.
1.4 Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хүүгүй, 24 сарын хугацаатай гурван сая төгрөгийг долоон сумын найман иргэн /бизнес эрхэлж буй ахмад/-д олгоно.
2. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малжуулах арга хэмжээнд 16 сумын 48 малчныг хамруулан 215 сая төгрөг зарцуулж, 92 ажлын байр бий болгоно. Өвөлжилт, хаваржилт хүндэрч малын хорогдол ихтэй сумдын малчдыг түлхүү хамруулна.
3. Нийтийг хамарсан ажилд 18 суманд 28 төсөлд 95.2 сая төгрөгийг зарцуулж 430 ажлын байр бий болгох бөгөөд үлийн цагаан оготны тархалт ихтэй есөн суманд оготно устгалын ажлыг энэ төслийн хүрээнд зохион байгуулна.
4. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, төрийн захиргаа чиглэлээр 17 сумын 20 ахмадыг хамруулж 16.8 сая төгрөг зарцуулна.
Тухайн төслийг хэрэгжүүлэх сумдыг сонгохдоо:
1. Тухайн сумаас ирүүлсэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний санал
2. Өмнөх жилүүдэд тухайн төслийг хэрэгжүүлж үр дүнд хүрсэн байдал, ирүүлсэн тайлан
3. Эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн эргүүлэн төлсөн дүн, хугацаа хэтэрсэн эсэх
4. Хүн амын тоо, тухайн бүлгийн иргэдийн эзлэх хувь
5. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал зэрэг үндсэн таван үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Батсайхан сумдын Засаг дарга нарт дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
1. Төслийн талаарх мэдээллийг олон нийтэд сайтар түгээх, хариуцсан төрийн албан хаагчдаараа дамжуулан айл өрх бүрт мэдээлэл хүргэж, ард иргэдийг оролцох боломжоор хангах
2. Шалгаруулалтыг нээлттэй, ил тод байдлаар иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах
3. Сумын амьжиргаа дэмжих зөвлөлийг хуралдуулж ирүүлсэн төслүүдийг нэг бүрчлэн хэлэлцүүлж шийдвэрлэх
4. “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” зорилттой тус төслийг уялдуулж, ажлын байраа бэлтгэн, тоног төхөөрөмж авч, үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийг эхний ээлжинд дэмжих төсөлд хамруулах
5. Амьжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэсэн төслүүдийг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээрээ дамжуулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ирүүлэхийг тус тус үүрэг болголоо.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ