ТЭС, ТЭЛМЭН, ЦЭЦЭН-УУЛ СУМАНД ХАЛУУН УСНЫ ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
1541 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Засаг дарга 2017 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дагуу НҮБ-ын Хүүхдийн Сан болон Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ын хамтарсан “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл 2019-2021 онд хэрэгжиж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан, уур амьсгалын хүнд нөхцөлд тэсвэртэй ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд эхлүүлсэн Тэлмэн, Цэцэн-Уул, Тэс сумдын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчид, ард иргэдэд зориулсан халуун усны барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орлоо.

Тэс сумын халуун усны барилгын ажлыг “Ракки констракшн” ХХК 118 сая төгрөгийн санхүүжилтээр 2019 оны 11 дүгээр сард эхлүүлж, өвлийн тэсгим хүйтэнд хүлэмж барин байнгын галлагаатай, дулаан орчин бүрдүүлж ажиллажээ. Тэлмэн, Цэцэн-Уул сумдын халуун усны барилгын ажлыг “Боду” ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа.  Халуун усанд сургуулийн дотуур байрны сурагчид үнэ төлбөргүй үйлчлүүлж, сумын ард иргэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд үйлчлүүлэх боломж бүрдлээ. Халуун усны барилга нь зургаан өрөөтэй бөгөөд гурав нь хүүхдүүдэд , нэг өрөө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд, хоёр өрөө нь насанд хүрэгчдэд зориулсан байна.

Уг төслийн хүрээнд дээрх гурван сумын халуун усны барилгыг барьснаас гадна Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Түдэвтэй, Яруу сумдын Ерөнхий боловсролын сургууль, Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд сайжруулсан уламжлалт гэрэлтүүлэгтэй бие засах газар, Нөмрөг суманд нийтийн халуун усны дэргэдэх гүн өрмийн худаг зэрэг ажлуудыг барьж байгуулснаар нийт 12.400 гаруй хүүхэд, иргэдийн эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулаад байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-04-17 16:37:43