ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД АЖИЛЛАЛАА
408 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Гуравдугаар сарын эхээр Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамран их хэмжээний цас орсны улмаас тал газраа 40-60 сантиметр, уулархаг газраа 60-80 сантиметр, гуу жалгандаа 1-2 метр цас унаж, үелсэн мөсөн бүрхүүл тогтож хаваржилт хүндэрсэн билээ. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн улсын чанартай Солонгот, Загастай, Ганц, Согоот, Агуйт, Дөрөлж даваанууд, хойд чиглэлийн сумдын орон нутгийн чанартай ихэнх замууд хаагдаж, Баянтэс, Тэс, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Нөмрөг зэрэг сумдад мал бэлчээрлэх боломжгүй болж, малчидтай харилцаа холбоо тогтооход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн юм. Иймд аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг даргын зүгээс улсын чанартай зам даваануудыг онгойлгож, Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Яруу сумдад нийт 45.6 сая төгрөгөөр гурван удаа далпуу татаж зам гаргах ажлыг зохион байгууллаа. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын хүсэлтээр Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 12 сумын 250 өрхөд 105 сая төгрөг, Дэлхийн зөн ОУБ-аас 261 өрхөд тус бүр 270 мянган төгрөгийн тусламж үзүүллээ.

11 суманд өвс, тэжээл, шатахууны дэмжлэг үзүүллээ

 

УИХ-ын дэд дарга, Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг хаваржилт хүндэрсэн 11 суманд ажиллаж өвс, тэжээл, шатахууны дэмжлэг үзүүллээ. Өвөлжилт хүндэрсэн сумдад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын шийдвэрээр туулах чадвар сайтай таван авто машиныг нэг сарын хугацаатай ажиллуулж малчны хотонд өвс, тэжээл хүргэх, зам гаргах ажлыг зохион байгууллаа. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цаг үед малчдын хотонд өвс, тэжээл хүргэх ажилд дэмжлэг үзүүлж, хүн хүч, техник хэрэгслээр тусалж хамтран ажилласан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага, хамт олон, жолооч нартаа Завханчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

 

2020-03-20 02:38:02