ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ЗАВХАН АЙМАГТ НУТАГШУУЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
645 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Тогтвортой хөгжлийн зорилгууд-2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих" төсөл нь Монгол Улсын Нийслэл болон аймгуудын хөгжлийн бодлого, алсын хараанд тогтвортой хөгжлийн зорилгуудыг нийцүүлэн ажиллaдаг билээ. Уг төслийн хүрээнд 2016 оноос Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал” баримт бичгийн төслийг боловсруулж, хөгжлийн төлөвлөгөөнд нь тусгасан бол 2018 оноос Орхон аймагтай хамтран "Ногоон тогтвортой хөгжлийн 2025 он хүртэлх зорилт"-ыг баталсан юм. Харин энэ удаад Завхан аймгийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод тогтвортой хөгжлийн зорилгуудыг нутагшуулах "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т аймгийн Засаг дарга Д.Батсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: “Хөгжлийн төлөвлөгөөтэй орон нутаг цаг хугацаа хожиж хөгждөг. Тиймээс Завхан аймгийн дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөлтийг хийхэд энэхүү үйл ажиллагаа чухал ач холбогдолтой юм.  Завхан аймаг 2016 оноос хойш “Ард иргэдээ сонсох аян”-ыг найман удаа зохион байгуулж, орон нутгаа хэрхэн хөгжүүлэх тухай иргэдийнхээ санал хүсэлтийг авч ажилласан. Ард иргэдийнхээ саналыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр томьёолж, олон улсын туршлагыг нэвтрүүлж хэрхэн хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөгөө болгон хөгжүүлэх вэ гэдэг асуудал бидний өмнө тулгамдаж байсан юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах уулзалтуудыг удаа дараа зохион байгуулж, өнөөдөр “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж буйдаа туйлын их баяртай байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурласан шинэ Завханы хөгжлийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах  чухал алхам боллоо” хэмээн онцлов.  

 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич: “Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Завхан аймгийн хувьд маш чухал үйл явдал болж байна. Завхан аймгийн Засаг дарга ноён Д.Батсайхан, түүний Тамгын газрын хамт олон орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа хуримтлуулсан мэдлэг, туршлагаа ашиглах замаар орон нутгийн манлайллыг үлгэрлэн харуулж чадах итгэл үзүүлсэн тул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллахаар сонгогдсон гурав дахь аймаг болсонд баяртай байна. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь Завхан аймгийн ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, эдийн засгийн хөгжил зэрэгт тодорхой дэмжлэгүүдийг үзүүлэх юм. Завхан аймаг тогтвортой хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах маш сайн жишиг аймаг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.   

 

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Завхан аймгийн иргэн бүрийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж, ээлтэй, хүртээмжтэй, бие даасан, тогтвортой, ногоон аймаг болгон хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилго болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго 2030” бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх юм. 

2020-04-02 02:50:26