Завхан аймаг “Ард иргэдээ сонсох аян”-ыг жилд гурван удаа зохион байгуулж, иргэдээс ирсэн санал хүсэлтийг шат дараатай шийдвэрлэж ажилладаг билээ. “Ард иргэдээ сонсох аян”-ы үеэр малчдаас бэлчээр нутгийг талхалж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай олон санал ирсэн байна. Иймд аймгийн Засаг даргын нөөц сангаас малчин бүрт 20 литр, нэг багт нэг тонн шатахууны зардлыг шийдвэрлэснээр малчдынхаа оролцоотойгоор үлийн цагаан оготно устгалын ажлыг эхлүүллээ.
Өвөлжилт, хаваржилт хүндрэх нэг шалтгаан бол үлийн цагаан оготно ихэссэн явдал юм. Бэлчээр өвсгүй болсноор үлийн цагаан оготноос хамааралтай зудын эрсдэл 50-60 хувийг эзэлж байна. Эхний ээлжинд Яруу сумын Жаргалант баг, Тэлмэн сумын Шургах, Өгөөмөр багууд, Идэр сумын Загастай, Мануустай багийн малчидтайгаа хамтран механик аргаар үлийн цагаан оготно устгалын ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн ХХААГ-аас малчдад сургалт мэдээлэл хийж, зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. Нэг үлийн цагаан оготно зуны гурван сарын туршид 100 гаруй болж үрждэг байна. Цас ханзарч, ичээнээсээ гарч эхэлж байгаа энэ үед устгал хийх нь үр дүнтэй байна гэдгийг малчид хэлж байв.
Яруу, Идэр, Тэлмэн сумын 600 гаруй малчин, төрийн албан хаагчид 300 орчим машин, техник хэрэгсэлтэйгээр 20 мянга орчим га газарт утах, ус цутгах, конус тавих, шувууны суултуур, шувууны үүр зэрэг аргуудыг хэрэглэж үлийн цагаан оготно устгалын ажлыг зохион байгууллаа. Тавдугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд хөдөөгийн бүх сум, багууддаа оготно устгалын ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ