Орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар 2018 оноос эхлэн “Эко Завхан” аяныг хэрэгжүүлж, шилдэг эко сум, байгууллагыг хагас бүтэн жилээр шалгаруулж, шагнаж урамшуулж байна. “Эко Завхан” аянд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 24 сум, 30 гаруй байгууллага идэвхтэй оролцож тодорхой үр дүнд хүрлээ. Тухайлбал 2018, 2019 онд аймгийн хэмжээнд 6000 орчим га талбайгаас 33 мянган тонн хог хаягдлыг цэвэрлэж, 314 га талбайг шууж багасгасан байна. 2019 онд таван сум ОНХС-ийн нийт 242 сая 800 мянган төгрөгөөр хог хаягдлыг шууж цэвэрлэх, түрэх булах техник хэрэгслүүдтэй болсон нь үр дүнгээ өгч байгаа юм. Аяны хүрээнд “Миний гоё сум” төслийг хэрэгжүүлж, нийт 53 га талбайд бичил цэцэрлэг байгуулж, 2018 онд 24 суманд орон нутгийн төсвөөс 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр 32.462 ширхэг мод, 2019 онд 70 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж 26.645 ширхэг мод тарилаа.
2018 оны нэгдүгээр сард Ногоон байгууламжийн албыг таван хүний орон тоотой байгуулан ажиллаж, хоёр жилийн хугацаанд Улиастай суманд шинээр нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, дөрвөн хүүхдийн тоглоомын талбай байгуулж, 17 талбайд 29.337 ширхэг мод бут тарьж, 1.8 га талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг хийжээ.
2017 оны намар аймгийн Засаг дарга Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСҮТ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар 36 иргэнийг “Цэцэрлэгжүүлэгч” мэргэжлээр сургасан нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, Улиас моднууд хаврын улиралд үрлэж цагаан хөвөн их унадаг байсан бол сургалтад хамрагдсан иргэд улирлын арчилгаа, зөв тайралт хийснээр энэ асуудал шийдэгдлээ. Мэргэжлийн ногоон байгууламжийн ажилтануудтай болсноор тарьсан мод бут, зүлэгжүүлэлийн ургалтын хувь өндөр байна.
Улиастай сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, мод бут тарьж ургуулсан иргэдэд урамшуулал олгох журмыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр батлуулснаар таван иргэнд 2.148.000 төгрөгийн урамшуулал олгожээ. Орчны бохирдлыг бууруулах, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Алдархаан, Цэцэн-Уул, Шилүүстэй, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Их-Уул, Яруу сумууд тэргүүлсэн бол албан байгууллагуудаас Зоонозын өвчин судлалын төв, Дэвшил сургууль, Эрүүл мэндийн газар, УЦУШОГ, Политехник коллеж, Улиастай сумын 5, 7 дугаар цэцэрлэг, Онцгой байдлын газар, Завхан сонин, Нэгдсэн эмнэлэг тэргүүлжээ. “Эко Завхан” аяны үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын өмнө 14 хоногийн хугацаанд “Бүтээн байгуулалт 14” аяныг зохион байгуулж шилдэг бүтээн байгуулалттай сум, байгууллагыг шалгаруулж байна. Шилдэг бүтээн байгуулалттай сумаар Тэлмэн, Нөмрөг, Ургамал, Түдэвтэй сумууд, байгууллагаар Хөгжимт жүжгийн театр, Амь-Ус трейд ОНӨААТҮГ, Улиастай сумын ЗДТГ, Хот тохижилт үйлчилгээний алба, Эрүүл мэндийн газар, Жавхлант цогцолбор сургуулиуд шалгарч байжээ.
“Эко Завхан” аяны хүрээнд зам, давааны хог хаягдлыг цэвэрлэх хуваарь гаргаж, хариуцсан байгууллагууд хог хаягдлыг тогтмол цэвэрлэж хоггүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Завхан аймгийн иргэд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж байна
Хог хаягдлыг ангилан ялгах дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гарч, “Завхан ногоон гарц нэгдэл” ТББ-тай хамтран ажиллаж байна. Тус төрийн бус байгууллага нь “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын санхүүжилтээр өнгөрсөн оны 4-10 дугаар сард “Цэвэр цэмцгэр Улиастай” төслийг хэрэгжүүлжээ. Энэ хугацаанд “Гялгар уутнаас татгалзья” аян, Хоггүй хүүхдийн баяр, “Хоггүй сайхан наадацгаая” арга хэмжээ, “Их хурд-2019” шигшмэл хурдны наадмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бол 0.7 га газарт хог хаягдал ангилан ялгах хашаа барьсан байна. Энэ хашаанд айл өрх, албан байгууллагуудын ангилан ялгасан хогийг нэг цэгт төвлөрүүлж, дараагийн дамжлага руу шилжүүлэх бүрэн боломжтой болжээ. Давхардсан тоогоор Ерөнхий боловсролын сургууийн 4000 гаруй сурагч, Улиастай сумын 14.000 иргэн хог хаягдлаа ангилан ялгах мэдлэг мэдээлэлтэй болж, ерөнхий боловсролын таван сургууль хогоо ангилан ялгах хог түр хадгалах савтай болсноор хүүхдүүд хогоо ангилах дадал эзэмшиж байна.
“Завхан ногоон гарц нэгдэл” ТББ Улиастай сумын Жинст, Богдыг гол багийн нийт дөрвөн цэгт хог аягдал ангилан ялгах бункерийг байршуулж, “Байгалиа хайрлая” уриалга гарган ажиллаж байна. Мөн “Хогоо багасгая-Завхан” фэсбүүк групп нээж иргэдийг идэвхжүүлснээр Улиастай сумын иргэд, гэрийн эзэгтэй нар нэгдэж хог хаягдлаа ангилан ялгах, үр хүүхдүүддээ амьдралын зөв хэв маягийг суулгаж байна. Одоогоор Улиастай сумын 50 гаруй өрх хог хаягдлаа ангилан ялгаж хэвшжээ.
Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 2020 онд Аймгийн Засаг даргын “Эко Завхан” аяны удирдамжийг шинэчилж, хог хаягдал ангилан ялгах чиглэлийн болзлуудыг нэмж тусгажээ. Мөн иргэд, айл өрхүүдийн идэвх санаачилгыг өрнүүлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 1-ээс 2021 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд Улиастай суманд “Эх дэлхийдээ ээлтэй шилдэг өрх”, “Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо”-г шалгаруулж урамшуулах аяныг эхлүүлээд байна. Аяныг хагас, бүтэн жилээр дүгнэж, шилдгүүдийг шагнаж урамшуулна.
Албан байгууллага, айл өрхүүд 150 метр куб хог хаягдлыг цэвэрлэж, ариутгал халдваргүйтгэл хийлээ
“Эко Завхан” аяны хүрээнд 2020 оны гуравдугаар сард Улиастай хотод хоёр удаа хэсэгчилсэн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн орон сууцны орц, хог түр хадгалах цэг зэрэг газруудад халдваргүйтгэл хийсэн бол албан байгууллага, айл өрхүүд орчны цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцлоо. Нэгдсэн цэвэрлэгээний дараа аймгаас өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг дахин зохион байгуулж ажиллалаа.
Улиастай хотын хэмжээнд 86 аж ахуйн нэгж, байгууллагын 980 албан хаагч 90 метр куб хог хаягдлыг цэвэрлэж, ариутгал халдваргүйтгэл хийлээ. Төв зам дагуу оршин суудаг айл өрхүүд 60 метр куб хог хаягдлыг цэвэрлэж нэгдсэн цэгт хүргэсэн байна. 23 км хатуу хучилттай авто зам дагуу ариутгал хийж, Богдын гол багийн хөрсний бохирдол ихтэй хэсгийн айл өрхүүдийн хоёр километр гаруй газарт халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын албан даалгавар гарлаа
Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн 2020 оны хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр аймгийн нутаг дэвсгэрийн 85 хувьд цасан бүрхүүл тогтсон, гуравдугаар сарын сүүлийн 10 хоногт агаарын температур 3-5 градусаар дулаарч цас эрчимтэй хайлах төлөвтэй байна. Иймд шар усны болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгавар гарч сумдын Засаг дарга нар, холбогдох байгууллагуудын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өглөө.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ