МАЛЧИД, АРД ИРГЭДИЙГ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
1610 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Онцгой комиссын 2020 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөл” байгуулж, аймгийн Засаг даргын албан даалгавар гаргасан билээ. Өнөөдөр /2020-04-27/ аймгийн Онцгой комисс энэ асуудлаар дахин хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

 

  1. 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Их-Уул сумын Хонгор багийн "Ихэр" гэдэг газар гарсан ой хээрийн түймэр дээр одоогоор 130 хүн ажиллаж байна. Онцгой байдлын газраас 8 тоннын даацтай хоёр усны машин, Их-Уул сумаас ЗИЛ-131 маркийн таван машин гаргаж, аймгийн Засаг даргын нөөц сангаас нэг тонн шатахууны асуудлыг шийдвэрлэж өглөө. 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Урд шивэртийн өвөр” гэдэг газар түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар 102 хүн, Тосонцэнгэл сумаас урал маркийн таван машин ажиллуулж, аймгийн Засаг даргын нөөц сангаас нэг тонн шатахууны дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

 

  1. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Алдархаан, Идэр, Тэлмэн, Нөмрөг, Баянхайрхан, Түдэвтэй, Баянтэс, Яруу, Тосонцэнгэл, Их-Уул сумдад байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчдын бүрэлдэхүүнтэй “Хяналтын цэг” ажиллуулахаар шийдвэрлэв. Мөн ой бүхий бүс нутгийн багийн Засаг дарга нарыг малчин нэг бүртэй уулзаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах чиглэл өглөө.

 

 

  1. Ойн нөөц сан бүхий Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Тэлмэн сумдад 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд 50 хүнийг сайн дурын байгаль хамгаалагчаар гэрээгээр ажиллуулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Алдархаан, Улиастай, Их-Уул, Тосонцэнгэл, Идэр сумдын нутагт таван удаагийн түймэр гарснаас гурван түймрийг бүрэн унтраагаад байна. Эдгээр түймрийн тохиолдлууд нь ард иргэдийн санамсар, болгоомжгүй байдал буюу тамхи татах, хог шатаах, үнс асгах зэргээс үүдэн гарчээ. Иймд малчид, ард иргэдийг үйлдэл бүрээ сайтар хянаж, хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2020-04-27 20:11:38