НӨМРӨГ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ТҮМЭНДОРЖ: ТАТВАРЫН ОРЛОГОО 167.5 САЯ ТӨГРӨГӨӨР ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЛЭЭ
941 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сайн байна уу та, сайхан хаваржиж байна уу. Нутаг орны хаваржилт, мал төллөлтийн талаар хоёулаа ярилцлагаа эхэлье. Энэ жил хэчнээн төл хүлээж авах вэ?

 

 Манай сумын өвөлжилт, хаваржилтын тухайд нилээд цас ихтэй, ялангуяа Дархан-Уул, Нуур багууд зудын байдалтай, хоёрдугаар сард гурван удаагийн их хэмжээний цас орсны улмаас хаваржилт хүндэрч малчдын өвс тэжээлийн нөөц дууссан. Аймгийн Засаг дарга, улс, аймгийн нөөцөөс олгогдсон тэжээл  бусад туслалцааны ихэнхийг дээрх хоёр багт чиглүүлж ажиллалаа. 2019 оны жилийн эцсээр сумын хэмжээнд  135 мянган толгой мал тоологдсоноос 48 мянган төл мал хүлээж авна. Одоогийн байдлаар мал төллөлт 40 гаруй хувьтай байна. Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр дулаарах төлөвтэй байгаа тул нөхцөл байдал сайжирна гэж харж байна.

 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд мал аж ахуйн салбарт гаргасан ололт амжилтаасаа хуваалцаач. Мал сүргээ хэдэн тоо толгойгоор өсгөв?

 

 Өнгөрсөн жилийн мал тооллогоор сумын дүнгээр нийт мал сүрэг маань таван төрөл дээрээ  урд оноос 12.500 толгой малаар өссөн. Гахай жилд аймгийн аварга малчин зургаа, сумын аварга малчин тав төрлөө.  Малын чанар, үүлдэр угсааг сайжруулах зорилгоор нутгийн шилмэл 200 гаруй хуц хурга, ухна ишгийг эхийн хамт шилж сонгон авч өрх тус бүрт нэг нэг халуун хошуутай мал олголоо. Энэ нь сүргийн эргэлтийг сайжруулах, бог малын хээлтүүлэгчийг сэлбэхэд сүүлийн жилүүдэд хийгдээгүй чухал ажлын нэг боллоо. Сумын уяачдын зөвлөл, нэр бүхий залуучууд адууныхаа чанар, удам угсааг сайжруулах зорилгоор зүүн бүсээс 10 орчим адууг авч ирлээ.

 

Гахай жилд Завхан аймгийн таван сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсоны нэг нь танай сум. Зам дагаж ирж буй хөгжлийнхөө талаар мэдээлэл өгөөч?

 

 Нөмрөг сум нь Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 километр хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон. Манай сумыг дайран өнгөрч буй концессын гэрээгээр хийгдсэн энэ зам 96 жилийн түүхтэй Нөмрөг сумын ард иргэдэд хэрэгтэй маш том бүтээн байгуулалт болж чадсан.  Эдийн засгийн болоод ард иргэдийн амьдралд нэлээд том хөрөнгө оруулалт болсон гэж бодож байгаа. Хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор  хөрөнгө оруулж  чадахуйц иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар олгох,  үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх, сум орон нутгаа өргөжүүлэх, өнгө үзэмжийг нь сайжруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.  Зам дагаж хөгжил ирдэг болохоор тус суманд хувиараа бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгжүүд улам бүр нэмэгдэж, 2019 онд татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, татварын орлого  өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны  татварын орлого орон нутагт 45.5 сая төгрөг төлөвлөснөөс 213 сая төгрөгийн орлого орж 167.5 сая төгрөгөөр давуулан биелүүллээ.

 

Хүнсний дэлгүүр, супер маркетийн барааны эргэлт сайжирч, өрсөлдөөн бий болсноор НӨАТ төлөгч нэмэгдэж, иргэдээс ирэх санал гомдол ч багасаж, цас зудны хүндрэл бэрхшээлтэй үед тусламжийн өвс тэжээл хурдан шуурхай ирж цаг алдалгүй  үйлчилж байгаа зэрэг шууд болон шууд бус байдлаар ашиг тус нь ард иргэдэд хүрч  байгаад сумын хөдөлмөрчид талархалтай байгаа.

 

Хатуу хучилттай авто замаас гадна улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар өөр ямар бүтээн байгуулалтын ажлууд өрнөв?

 

Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нийтийн биеийн тамирын талбай”-тай болж, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх  тав тухтай орчин нөхцөл бүрдлээ. Мөн аймгийн төсвийн хөрөнгөөр 75 хүүхдийн дотуур байрны засвар хийгдэж, малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө” байгуулагдлаа. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахаас гадна  өөрсдийн санаачилж хийх ажил их чухал. Жил бүр сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон  зохион байгуулдаг “Бүтээлч ажлын даалгавар”-ын хүрээнд бүх албан байгууллагууд төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэхийн зэрэгцээ дотоод нөөц бололцоогоо дайчлан Засаг даргын Тамгын газрын  гадаад орчныг тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгож, усалгаажуулах, гудамжны гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

Өнгөрсөн жил танай сумын орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан 60.4 сая төгрөгийг хэрхэн зарцуулав. Энэ жилийн орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хэдэн хүнийг ажлын байраар хангаад байна вэ?

 

  Өнгөрсөн жилийн орон нутгийн хөгжлийн санд 60.4 сая төгрөг хуваарилагдсан. Энэ хөрөнгөөр хийх ажлыг ард иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн сумын ИТХ-аар баталж шийдвэрлэсний дагуу 16 нэр төрлийн ажил төлөвлөгдсөнөөс Засаг даргын Тамгын газрын үүдэнд цементэн зам тавих ажил бүрэн хийгдэж, цэцгийн мандалтай болсноор өнгө үзэмж дээшиллээ. Хүүхдийн цэцэрлэгийн байрны үүдэнд  бага насны хүүхэд саадгүй орох, гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гонх шинээр барилаа. Мөн хоёр гүүр барьснаар малчид,  иргэд саадгүй зорчих нөхцөл бүрдэж, сумын төвийн айл өрхүүдийн хашааны хаягжилтыг хийлээ. Сум  хөгжүүлэх сангаас 2019 онд нийт 19 иргэнд 60 сая төгрөгийн хөнгөлттэй зээл олгож, эргэн төлөлтөд хяналт тавин ажиллаж байна.  Сум хөгжүүлэх сангаас 2014-2018 онуудад  зээл авсан иргэдээс хугацаандаа зээлээ төлөөгүй 19 иргэн байсан. Тосонцэнгэл сумын Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлах албатай хамтран ажилласны үр дүнд дөрвөн иргэний зээл бүрэн төлөгдөж, бусад нь шийдвэрлэх шатандаа явж байна.

 

Аймгийн Засаг даргын санаачилгаар “Эко Завхан” аяныг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ аяны үр дүн өнөөдөр хэрхэн гарч байна вэ.  Аяны хүрээнд энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөв?

 

Байгаль орчны мод үржүүлгийн газраас 53 мод,  иргэн Г.Должинсүрэн 480 ширхэг мод, сумын Нутгийн зөвлөл 500 ширхэг улиасыг тус тус тарьж сумын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Орчны бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд ард иргэд, албан байгууллагуудыг татан оролцуулж, хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, тахилгат уул овооны хог  хаягдлыг цэвэрлэх, золбин нохой, сэг зэм устгах ажлыг хавар намарт зохион байгуулж, нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох, хог хаягдлыг ангилан ялгах заавар зөвлөмжийг ард иргэдэд сурталчилан таниулснаар нийлэг уутны хэрэглээ багасаж байна. “Миний гоё сум” , “Эко Завхан”, “Бүтээн байгуулалт -14” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж, аж ахуйн нэгж, албан байгууллагыг хамруулсан удирдамж гарган ажиллаж байна. Сумын  ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор хатуу хучилттай авто зам дагуу мод тарихаар төлөвлөөд байна.

 

Завхан аймаг “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлээд дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Таны хувьд төрд олон жил ажилласан хүн. Энэ хугацаанд орон нутгийн төрийн албанд гарсан өөрчлөлт, үр  дүнгийн талаар хуваалцаач?

 

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах,  төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээрээ үнэлүүлдэг болж, төрийн албан хаагчид нь 4-5 өрх хариуцан төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, цаг үеийн мэдээ мэдээллээр хангаж “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилтыг дэмжин ажиллаж байна. Аймгаас 2019 онд төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын сахилга хариуцлага, чадавхийг дээшлүүлэх бүсийн сургалтыг Түдэвтэй суманд зохион байгуулж хойд бүсийн есөн сумын 180 орчим төрийн албан хаагчид оролцсон. Зөвлөгөөнд оролцсон сум бүр аймаг, сумаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд тодорхой сэдвээр илтгэл тавьж, шинээр санаачилсан тэргүүн туршлагаа солилцсон. Төрийн албаны тухай хууль болон  тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, харилцан суралцах бүсийн сургалтад манай сум тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн болж, амжилт бүтээлээр дүүрэн байна. Сум орны бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, эмх цэгц, дотоод гадаад тохижилтыг сайжруулах, эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч хийх ажлаа төлөвлөж “Бүтээлч ажлын даалгавар” гарган, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, байгууллагуудын дарга нар гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Уг гэрээнд сумын гэрэлтүүлэг, байгууллагуудын засвар үйлчилгээ, сум орныхоо өнгө үзэмжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлуудыг тусгасан. Гэрээнийхээ хэрэгжилтэд сар бүр хяналт тавьж байгаа нь үр дүнгээ өгч байна.  Манай сумын Соёлын төвийн хамт олон соёлын байгууллагуудын улсын уралдаанд амжилттай оролцож дэд байр эзэлсэн бол  “Малчид дуулж байна” улсын уралдааны мянга гаруй дуучдаас шагналт тавдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн. Сумын зүгээс тэдгээр албан хаагчдадаа сэтгэлийн дэм өгч,  шагнаж урамшуулсан байгаа.

 

Энэ онд Нөмрөг суманд ямар  онцлох бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, өнгө төрх нь хэрхэн өөрчлөгдөх бол?

 

Энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төв, аймаг болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хоёр багийн төв шинэ байртай болно. Сумын  Засаг даргын Тамгын газар, мөн хоёр багийн төвд их  засвар хийж, Хоолойн голд гүүр барих зэрэг 20 гаруй ажлыг шинээр хийж хэрэгжүүлнэ. Газар тариалангийн бүсийн мэрэгч амьтдыг  устгах,  нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах, нийтээрээ мод тарих, “Хамгийн гоё сум болъё” зэрэг ард иргэдийнхээ уриалга, санаачилгыг дэмжиж ажиллана.  

 

Таны хувьд орон нутгийнхаа төр, хувийн хэвшлийн байгууллагад  30 гаруй жил ажиллласан туршлагатай хүн. Залуу хойч үедээ захиж хэлэхийг хүссэн олон л зүйл байдаг болов уу. Ярилцлагынхаа сүүлийн хормыг танд үлдээе.


Төр, хувийн хэвшилд ажилласан хугацаа минь ойролцоо. Сүүлийн үед орон тоо нь олдох тусмаа ажлын бүтээмж дээшлэхгүй байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлээсээ төрийн ажил хоцрох хандлагатай, төрийн манлайлах чадварыг дээшлүүлэхийн тулд залуустаа хэлэхэд орон нутгийн төрийн албан хаагчид өдөр тутам өөрсдийгөө боловсруулж, чадавхжиж байх хэрэгтэй. Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн ихэнх нь босоо удирдлагатай. Буруу тогтолцоо улам бүр газар авч, болж бүтэж байсан зүйлүүд маань үгүйлэгдэж байгаад жаахан сэтгэл дундуур явдгаа нуух юун. Цаашид төрийн жолоог зөв зүйлд нь чиглүүлвэл улс болоод бүс нутгийн хөгжилд тус нэмэр болох нь лавтай. Нийт Завханчууддаа эв эетэй байж эрүүл мэнддээ анхааран ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе.

 

2020-04-28 16:42:22