ТҮДЭВТЭЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ДАМДИНБАЗАР: ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА, АРД ИРГЭД ХАМТРАН АЖИЛЛАЖ ЧАДСАНААР БОДИТ ҮР ДҮНД ХҮРЧ БАЙНА
1371 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Юуны өмнө гахай жилийн шилдэг таван сумын нэгээр шалгарсан танай нутгийн ард түмэн, удирдлагуудад баяр хүргэе. Шилдгээр шалгарах гол үзүүлэлтүүд нь юу байв?

 

Баярлалаа. Манай сум аймгийн шилдэг таван сумын нэг болсон гол үзүүлэлт нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн санаа бодолтой байж, нэг баг болж хамтран ажиллаж чадсанаар үйл ажиллагаа нь жигдэрч тодорхой амжилтад хүрсэн. Төрийн албан хаагчид хариуцсан 3-4 өрхтэйгээ сайн ажиллаж, төр засгийн бодлого, шийдвэрийг цаг алдалгүй хүргэж, тэдний санал хүсэлтийг авч холбогдох газруудаар нь шийдвэрлүүлж ажилласнаар төр, иргэний холбоо, харилцан биендээ итгэх итгэл, үнэмшил сайжирч, төрийн бодлого шийдвэрт олон нийтийн оролцоо нэмэгдэж байна. Төрийн байгууллагууд багуудтай шефийн холбоо тогтоож өвөлжөө бууц тохижуулах, малчдад сургалт, зөвлөгөө өгөх өдөрлөг, уулзалт, урлаг, спортын тэмцээн наадамд хамтран оролцож байгаа нь малчид болон мал бүхий иргэдэд зөв хандлага төрүүлж байгаа сайн туршлага болж хэвшлээ. Төрийн албан хаагчдын цаг ашиглалт сайжирч, хүнд сурталгүй, сахилга баттай байж хариуцсан ажилдаа амжилт гаргаж байгаа нь сумын ажил сайжрах бас нэг гол үзүүлэлт болж байна.  

 

Хоёулаа бүтээн байгуулалтын тухай ярихаасаа өмнө цаг үеийн асуудлаар ярилцья. Завхан аймгийн зарим сумдад өвөлжилт, хаваржилт нэлээд хүндэрлээ. Танай сумын тухайд нөхцөл байдал ямар  байна вэ. Бэлтгэлээ хэрхэн базаасан байв?

 

2019 оны жилийн эцсээр манай сум тэмээ 13, адуу 12.342, үхэр 9.101, хонь 74.442, ямаа 37.517 нийтдээ 133.415 толгой мал тоолуулж урд оноос мал  сүрэн маань таван төрөл дээрээ өссөн. Зун бэлчээрийн өвс муу ургасан хэдий ч малчид, иргэд байгалийн хадлан 954 тонн, ногоон тэжээл 308 тонныг бэлтгэсэн. 2019-2020 оны намар, өвөл, хавар нийт 39 удаа цас орж өвөлжилт, хаваржилт хүндэрч бод малын хорогдол 2.180 үүнээс адуу 198, үхэр 203, хонь 1.022, ямаа 757 хорогдож нийт малын 1.6 хувь нь хорогдсон байна. Малчид  өвс тэжээлээ сайн бэлдсэн. Сумын аюулгүй нөөцөөс өвөлжилт хүндэрсэн багуудад 16 тонн өвс, аймгийн нөөцөөс таван тонн хивэг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, улсын нөөцөөс 30 тонн өвсийг үнэгүй, 20 тонн хивэгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдынхаа хотонд хүргэсэн. Арваннэг, арванхоёрдугаар сараас бүх мал нэмэгдэл тэжээлд орж,  өвс тэжээлийн дутагдал үүссэн. Увс, Баян-Өлгий аймгуудаас 200 гаруй тонн өвсийг нэг боодол нь 5000-9500 төгрөгийн үнэтэй малчдад хүргэж хаврын улиралтай золгож байна. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга  Я.Санжмятав  Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс дөрвөн тонн тэжээл үнэгүй, тэжээл тараах зардалд нэг сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Хүндэрсэн цэгүүдэд зам гаргах, тэжээлийг малчдын хотонд хүргэхэд аймгийн Засаг дарга нэг сая төгрөг шийдвэрлэж өгсөн. Мөн Завхан нутгийн бөхчүүд, иргэдээс нэг сая төгрөгийн тусламж үзүүллээ.

 

Одоогоор мал төллөлт хэдэн хувьтай байна, малын жилбэ ямар байна вэ?

 

Мал төллөлт 20 хувьтай. Үхэр тугалаа цатгахгүй, бүдүүн эм хонь хургаа цатгах төдий, зусаг хонь хуурай жилбэ муутай төллөж байна.  Цагаан сар дамнаж орсон их хэмжээний цас хаваржилтыг хүндрүүлсэн. Ямаа хээл хаях үзэгдэл нэлээд байна.

 

Ихэнх суманд тулгамдаж буй асуудлын нэг бол бэлчээрийн даац хэтэрсэн явдал. Танай сумын давуу тал нь бэлчээрийн менежментийн төлөвлөгөөтэй болсон шүү дээ. Үр дүн ньэхнээсээ гарч байгаа болов уу?

 

Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг 2018 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 01 тоотоор сумын ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Уг төлөвлөгөөг 2018-2022 он хүртэл таван жилийн хугацаатай “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран боловсруулсан. Хийх ажлын төлөвлөгөөг жил тус бүрээр нь гаргасан. Тухайлбал, 2019 онд газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, 308 га газарт малын тэжээл тариалж иргэд, байгууллагуудын малын тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн. Мөн байгалийн хадлангийн талбайг бүрэн ашиглаж 954 тонн хадлан бэлтгэж авсан. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр 2019 онд шинээр нэг худаг гаргасан. 2020 онд дахин нэг худгийг шинээр гаргана. Бэлчээрийн хамгаалалтыг сайжруулж талхлагдсан зарим газруудыг зун, намрын улиралд малын хөлөөс чөлөөлж, оготно устгах ажлыг малчидтайгаа хамтран хийдэг. Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон тухай оны сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг төлөвлөж биелэлтийг тооцон ажиллаж байна.

 

Мал аж ахуйгаас гадна газар тариалангаа хөгжүүлэх зорилт тавьж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 400 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмших эрхийг иргэддээ олгосон гэж байсан. Энэ ажлын явц, хэтийн төлөв ямар байна вэ?

 

2019 онд “Завхан аймгийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” Улаанбаатар хотод зохион байгуулагдаж “ Мөнх хөдрөг “ ХХК, “ Эко грийн планет “ ХХК-уудтай хөрөнгө оруулалтын гэрээ хийснээр 675 га газрыг эзэмшүүлэхээр болж,  2019 онд 250 га талбайд тариалалт  хийж, 500 га талбайд нь уринш хийсэн. Сумын аж ахуйн нэгж, иргэд, албан байгууллагууд 58 га талбайд тариалсан. Мал аж ахуй эрхэлж байгаа бол газар тариаланг давхар эрхлэхгүй бол цаг агаарын өөрчлөлтийн үед хүндрэлтэй болж байна. Газар тариалан эрхэлж буй иргэдээ дэмжин урамшуулж, Ойгон багийн иргэн Ш.Сандуйжав, Цорго багийн иргэн Я.Энхбаяр нар Атарчдын алдар медалиар, Аргалант багийн иргэн Ж.Батжаргал, Б.Отгонбаяр, Ж.Чулуунхүү, Ч.Мөнхжаргал, Г.Гансүх, Р.Доржжүгдэр нар атрын 60 жилийн ойн медиалаар тус тус шагнагдсан.

 

2019 онд улсын болон орон нутгийн төсвийн нийт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалтын ажлууд хийж гүйцэтгэв?

 

Сумын өнгө үзэмжээ сайжруулж, бүтээн байгуулалтын ажлууд их хийгдсэн. Жишээ нь: Цэцэрлэгт хүрээлэнг хоёр га газарт байгуулж улсын төсвөөс 100 гаруй сая төгрөгөөр сагсан бөмбөгийн талбай, элсний гар бөмбөгийн талбай, бүжгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, ахмадын чөлөөт цаг өнгөрөөх талбай байгуулсан. Аймгийн төсвөөс 10 сая төгрөг, сумын төсвөөс найман сая төгрөгийг шийдвэрлэж  худаг гаргалаа. Мөн сумын төсвөөр сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гэрэлтүүлэг, 200 гацуур мод суулгаж тохижууллаа. 45 га талбайтай хогийн цэгийг булж устгаад, гурван га талбай газар хогийн цэгийг шинэчилэн гаргаж сахиултай болголоо. Хог түрдэг трактортой болсон нь ажлыг их хөнгөвчилж байна.

Өнгөрсөн жил танай сумын орон нутгийн хөгжлийн санд 58.3 сая төгрөг хуваарилагдсан. Энэ хөрөнгөөр хийсэн ажлуудаа танилцуулаач. Энэ жил хэдэн төгрөг хуваарилагдав. Ямар ажлуудад  зарцуулахаар төлөвлөсөн бэ?

 

2019 онд сумын орон нутгийн хөгжлийн санд батлагдсан 58.3 сая төгрөгнөөс 22 сая төгрөгөөр нь өөрөө ачигч трактор, 10 сая төгрөгөөр хогийн цэгийг шууж багасгах, 10 сая төгрөгөөр бага насны хүүхдийн тоглоом, гурван сая төгрөгөөр малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-ний тохижилт, 2.5 сая төгрөгөөр малын мөшгих тогтолцооны тоног төхөөрөмж, эрсдлийн санд 5.8 сая төгрөгийг тус тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулан  зарцуулсан байна. 2020 онд 53.8 сая төгрөг хуваарилагдсан. Энэ хөрөнгөөр гудамжны гэрэлтүүлэг, нэгдсэн камер, шээсний шинжилгээний аппарат, багийн төвүүдийн тохижилт зэрэг ажлуудыг хийнэ. 

 

Ард иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог нь бүрдүүлэхийн төлөө багагүй бүтээн байгуулалтын ажил өрнүүлжээ. Иргэдийн өөрсдийнх нь оролцоо, санаачилга, идэвх хэр байдаг вэ?

 

Манай сумын иргэд их идэвхтэй. Тухайлбал, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд 30 гаруй иргэн сайн дураараа оролцсон. Мөн Ойгон нууранд унасан үхрийн сэг зэмийг гаргахад 10 гаруй иргэн оролцсон. Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр хийгдэх ажлуудад санал авахад жил бүр 200-300 гаруй саналууд ирдэг.

 

Ярилцлагынхаа төгсгөлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар мэдээлэл өгөөч?

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга, Засаг даргын Тамгын газрын барилгууд баригдана. Мөн бэлчээрийн менежментийг сайжруулах зорилгоор шинээр нэг худаг гаргана.

 

Ярилцсанд баярлалаа.

 

2020-04-29 13:54:13