АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙГ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДЭЭР ХАНГАЛАА
1067 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг ард иргэд, албан хаагчдынхаа санал хүсэлтийг тогтмол сонсож, тэдний саналд тулгуулан шийдвэр гаргадаг билээ. Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрөөр эмч нарынхаа санал хүсэлтийг сонсож ажилласны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн тэргүүнд шаардлагатай байгаа нийт 31.4 сая төгрөгийн үнэ бүхий таван ширхэг хяналтын монитор, гурван ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, хоёр ширхэг дуслын шахуурга, эмэгтэйчүүдийн ЭХО аппаратыг гардуулан өглөө.

Завхан аймаг “Сайн эмч” дэд хөтөлбөрийнхөө хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, багаж, тоног төхөөрөмжөө шинэчилэх, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эмчилгээ үйлчилгээгээ сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар тоног төхөөрөмжүүдээ шат дараатай шинэчилснээр Улаанбаатар хотод хийж буй эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа хийдэг болоод байна.

Хорио цээрийн энэ үед орон нутгийн төсөв тодорхой хэмжээгээр хэмнэгдэж буй тул аймгийн Засаг даргын зүгээс ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд санал оруулсны дагуу хэмнэгдсэн хөрөнгөөс 100 сая төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шат дараатай шийдвэрлэж байгаа ч хүрэлцээ хангалттай бус хэвээр байна. Иймд аймгийн Засаг дарга эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа саналыг үндэслэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн судалгааг гаргаж Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагуудад уламжилжээ. Эдгээр хүсэлтүүд шийдэгдвэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдах юм.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-05-11 10:16:47