Сүүлийн жилүүдэд хэд хэдэн аймагт тарваган тахлын өвчлөл бүртгэгдлээ. Тарваган тахлын хүний өвчлөлийн талаар та эхлээд мэдээлэл өгөөч?
Монгол улсад 1931 оноос эхлэн 210 хүн тарваган тахлаар өвчилж, 83 хүн нас барсан байдаг. Манай аймагт 1879-1920 оны 4 удаагийн тарваган тахлын дэгдэлтээр 46 хүн өвдөж нас барсан. 1936-1938 онд 38 хүн өвдөж 25 хүн нас барсанаас хойш 1945, 1946, 1947, 1952, 1953, 1954, 1960 онуудад тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол жил бүр гарч, дэгдэлт явагдаж байсан мэдээлэл бий. Тарваган тахлын нэг тохиолдлыг Олон улсын эрүүл мэндийн дүрмээр дэгдэлт гэж үздэг. 1993-2011 онд 13 хүн тарваган тахлаар өвдөж 3 хүн нас барсан байна.
Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн тарваган тахлаар нас барж, 2-12 насны гурван хүүхэд өнчирсөн эмгэнэлт үйл явдал болсон. Энэ жил Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүү тарваган тахлаар нас барсан харамсалтай үйл явдал тохиолоо. Мөн тус аймгийн Эрдэнэ сумд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Одоогоор онош батлагдаагүй шинжилгээ хийгдэж байна.
Ховд аймагт ах дүү хоёр тарваган тахлаар өвчилж, ойрын хавьтал болох 650 хүнийг эрсдэлд оруулсан. ЗӨСҮТ болон Ховд аймгийн ЗӨСТ-н мэргэжилтнүүд цаг алдалгүй арга хэмжээ авснаар халдварын голомтыг цомтгон дарж чадлаа. Улсын хэмжээнд тарваган тахлын сэжигтэй гэх таван тохиолдол бүртгэгдсэнээс гурван тохиолдол нь лабораториор батлагдлаа. Мэрэгч амьтнаас хүнд халдварладаг энэ өвчнийг эмчлэхэд нэг тохиолдол нь дунджаар 50-100 сая төгрөг болж байна.
Энэ өвчний үүсгэгчийн талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгвөл?
Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, мэрэгч амьтад тэдний бөөс бүүргээр дамжин халдварладаг, ихэвчлэн тунгалгийн зангилаа уушгийг хоёрдогчоор гэмтээдэг, халууралт хурц хордлого бүхий зоонозын хурц халдварт өвчин юм. Эмнэлзүйн шинж тэмдэг нь ихэвчлэн 38-40 хэм хүрч халуурах, суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох , бүх бие булчингаар шархирч өвдөх, толгой өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгалахад хүндрэлтэй болох, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Энэ өвчний нууц хугацаа нь дунджаар зургаа хоног байдаг. Тарваган тахал үүсгэгч нянг зөвхөн тарваганд л байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Гэхдээ энэ нян нь бүх мэрэгч амьтдад байдаг. ЗӨСҮТ-н хийсэн судалгаагаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хархнаас тарваган тахал үүсгэгч нян илэрсэн.
Мөн бөөс, бүүргээр дамжин халдварлах эрсдэлтэй. Тухайлбал, тахалтай тарвага болон мэрэгч амьтдыг хазсан бөөс, бүүрэг нь хүнийг хазахад тахал үүсэх эрсдэлтэй.
Улсын хэмжээнд болон Завхан аймагт тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил хэр байна вэ. Эрсдэл өндөр ямар ямар сумууд байгаа бол?
Улсын хэмжээнд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бий. Тэр дундаа баруун аймгуудад, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс тарваган тахлын идэвхжил нэлээд өндөр байна. Манай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 74.2% буюу 17 сум тарваган тахлын голомттой. Үүнээс Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино, Отгон зэрэг сумдад тарваган тахлын голомтын идэвхжил өндөр байна.
Та сая хэллээ. Нэг тохиолдол гарахад 50-100 сая төгрөгийн зардал гардаг гэж?
Нэг тохиолдол илрэхэд эрүүл мэндийн салбараас гадна өөр олон салбар зэрэг хөдөлдөг. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нэг тохиолдлыг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх гээд дунджаар 50-100 сая төгрөг зарцуулж байна. Цаашид халдвар тархвал үүнээс их зардал зарцуулна. Иргэдийн хариуцлагагүй болгоомжгүй үйлдлээс болж эдийн засгийн маш их хохирол үүсэх эрсдэл байсаар байна.
Тарваган тахлын нэг тохиолдлыг ч дэгдэлт гэж авч үзээд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу тусгайлсан хариу арга хэмжээ авдаг.
Ховдод гарсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын ихэнх нь эмч, эмнэлгийн ажилчид байсан гэсэн үү?
Ховд аймагт гарсан эхний тохиолдол нь тарвага агнасан талаараа эрүүл мэндийн байгуулагад мэдэгдээгүй нууцалсан. Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эмч нарт үзүүлээд дараа нь сумын Эрүүл мэндийн төвийн машинаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Бас л нууцалсан, үнэнээ хэлээгүйгээс маш олон эрүүл мэндийн ажилчид нэгдүгээр хавьтал болсон. Ховд аймагт гарсан хоёр тохиолдол нь уушгины хэлбэрт шилжсэн, хүнээс хүнд халдварлах эрсдэл маш өндөр байсан. Covid-19-ийн үеийн бэлэн байдалтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагынхан маск зүүж бэлэн байдлыг хангаж ажиллаж байсан тулдаа эмч, эмнэлгийн ажилчид халдвар аваагүй.
Эмнэлгийн тусламж авахаар өөрөө очих нь олон эмч, эмнэлгийн ажилчдыг эрсдэлд оруулна. Тийм учраас халдварын эх уурхайн талаар үнэн зөв мэдээллийг өгөх нь маш чухал. Яаралтай эрүүл мэндийн байгуулагад дуудлага өгч, тарвагатай холбоотой мэдээллээ нууцлахгүй байх нь маш чухал.
Монгол Улсаас өөр хэчнээн оронд тарваган тахал гарч байна вэ?
XIII, XVII, XVIII зуунд тарваган тахал дэлхий нийтийг хамарч олон сая хүний амь насыг авч одсон цар тахал гарч байсан. Сүүлийн 10 жилд буюу 2010-2019 онд 11 улсад тарваган тахал бүртгэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн жил зургаан оронд тарваган тахлын 148 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ жилийн хувьд Монгол Улстай хил залгаа орнуудад буюу ОХУ-ын горный Алтайн нутаг дэвсгэрт, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд идэвхжил өндөр байна.
Уламжлалт анагаах ухаанд амьтны эд эрхтнийг ашиглан өвчнийг анагаах техник байдаг уу?
Амьтны эд эрхтнийг түүхийгээр нь ашиглан өвчнийг анагаадаг технологи орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд байдаггүй. БНХАУ-ын ардын эмчилгээнд тодорхой хэмжээнд ан амьтны эд эрхтнийг үйлдвэрийн зориулалтаар боловсруулаад, халдваргүй болгосон нөхцөлд эм болгон үйлдвэрлэдэг жор байдаг. Энэ бүхнийг лабораторийн шинжилгээтэй хийдэг. Харин амьтны эд эрхтнийг түүхийгээр хэрэглэх нь байж болохгүй үйлдэл. Энэ нь маш том эрсдэлийг дагуулж байна.
Тарвага агнаснаас үүдэн тахлаар өвчилсөн хүнд өөрт нь ямар хариуцлага тооцох вэ?
Хууль бус хориотой ан агнасан гэдэг утгаар нь зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох боломжтой ч халдвар тараасан гэдэг дээр нь хариуцлага тооцох хуулийн заалт байдаггүй. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар 2017 оны есдүгээр сарын 22-ноос эхлэн тарвага агнахыг гурван жилээр хориглосон учраас тарвага агнах нь хууль бус, хориотой хэвээрээ байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гэтэл тарвага агнасаар л байна. Ийм үед Байгал орчны хяналтын улсын байцаагч, цагдаа хууль хүчний байгууллагын дэмжлэг хараа хяналт маш чухал байна.
Тарвага агнасан талаарх мэдээллээ цахим орчинд байршуулсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэж мэдээлж байсан?
Бид тандалт судалгаа хийж байна.Үндэсний их баярын амралтын өдрүүдэд иргэд орон нутгаар аялахдаа, тарвага агнасан талаарх мэдээллээ өөрийн цахим хуудсанд байршуулж байна. Тэр дундаа твиттер, болон фэйсбүүк хуудаснаа олон дагагчтай хүмүүс. Энэ нь бусдыг тарвага агнахад уриалга болж байх магадлалтай. Ийм тохиолдлуудад цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахаар болсон.
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ. Иргэдэд энэ талаар зөвлөгөө өгөөч?
Хамгийн гол нь тарвага агнахгүй байх, тарваганы мах идэхгүй байх, түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх, тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх, тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх, хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх, шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх, тарваган тахлын эсрэг вакцин тариулах, гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх ,гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих, хохойг байнга уяатай байлгах, үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх, үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (7046-2432, 9203-0222) тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх нь зөв юм.
Ярилцсанд баярлалаа.