Завхан аймагт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 627.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн нь 2004-2016 онуудад хийгдсэн нийт хөрөнгө оруулалттай харьцуулахад хоёр дахин их хөрөнгө оруулалт юм. Аймгийн Засаг даргын санаачилгаар гадаад зах зээлээс 44.4 тэрбум төгрөгийг босгож 38 төрлийн ажил гүйцэтгэлээ. Өнгөрсөн жилүүдэд хатуу хучилттай авто зам барилгын ажил эрчимтэй өрнөснөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам ашиглалтад орж, Загастайн давааны замын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж чадсан билээ.
2016 оны наймдугаар сард БНХАУ-ын Элчин сайд Завхан аймагт айлчлах үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хад асга ихтэй, уулын хамгийн хүнд зам гэгддэг Загастайн давааны хатуу хучилттай замыг Хятадын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн хөрөнгөөр барьж өгөх тухай асуудлыг уламжилж, олон удаагийн уулзалтын үр дүнд 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн анхны протокол гарч, 2017 оны тавдугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор хөрөнгийн асуудал бүрэн шийдэгдсэн билээ. Түүнээс хойш тендер зарлах, гүйцэтгэгч, зөвлөх, хяналтын компаниудыг шалгаруулах, Хятадын Эгзим банктай гэрээ байгуулах зэрэг олон шат дамжлагын дараа 2019 оны долдугаар сард авто зам барилгын ажил эхэлж, өнгөрсөн намар Улиастайгаас гарах долоон километр, 114 километр замын төгсгөлөөс 10 километр, нийт 17 километр замын хатуу хучилтыг хийж гүйцэтгэсэн юм. Одоогоор Завханчууд тавин километр шороон замаар зорчиж буй. 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл Загастайн давааны замын өргөтгөл, хадны тэсэлгээ, газар шорооны ажлыг үргэлжлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 25 километр замын газар шорооны ажил дуусч, хатуу хучилтыг эхлүүлээд байна. Арж роуд ХХК-ийн ерөнхий инженер А.Отгонбат: “Суурь хучилт хийсэн хэсгүүддээ таван см хүртэл нэмэлт хучилт хийнэ. Давааны зарим хэсэгт 30 орчим метр ухаж, хайс хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээг ч маш сайн хийхэд гүйцэтгэгч компани анхаарч ажиллана. Энэ замын ажил арваннэгдүгээр сарын 01 гэхэд бүрэн дуусна” гэлээ.
Наймдугаар сард Загастайн давааны 25 километр замын хучилтыг дуусгахаар төлөвлөжээ. Үлдсэн 25 километр замын ус зайлуулах хоолой, далангийн ажлуудыг хийж байна. Арваннэгдүгээр сард Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно. Тус зам улсын хэмжээнд давааны оройгоо хучсан анхны зам болох юм.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ