ЯРУУ СУМ ГҮНИЙ УСНЫ ХУДАГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО
1207 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Яруу сумын Тэмээн сүргийн гол, их голууд хатуулаг ихтэйгээс нутгийн иргэд эрүүл, аюулгүй ундны ус хэрэглэх боломжгүй болоод байсан юм. Мэргэжлийн байгууллагаас усны шинжилгээ хийж хүнсэнд хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Иймд Аймгийн Засаг даргын “Ард иргэдээ сонсох аян”-ы хүрээнд Яруу сумын иргэд ундны усны асуудлыг шийдвэрлэж өгөх тухай хүсэлтүүдийг уламжилсны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төсөл, Аймгийн орон нутгийн хөгжлийн сан, НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Яруу суманд гүний усны худаг, Ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн байгууламжийг барьж гүйцэтгэлээ.

Ийнхүү Яруу сумын иргэдэд тулгамдаж байсан ундны усны асуудлыг шийдвэрлэснээр тус сумын иргэд эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан гүний цэнгэг усыг хэрэглэх эх үүсвэртэй боллоо. Мөн Тэс, Цэцэн-Уул, сумын сургуулийн дотуур байрны халуун усны худгийн ажил хийгдсэнээр халуун усны барилга байнгын усны эх үүсвэртэй болж нийт 4000 гаруй хүүхэд, иргэдийн эрүүл ахуй, ариун цэврийн үйчилгээний хүртээмж нэмэгдэж байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-06-05 12:40:24