МАЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ 2022 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖИНЭ
393 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НҮБ-ын төрөлжсөн дөрвөн байгууллага буюу Хүүхдийн сан, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хүн  амын сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага анх удаа хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийг 2020 оны хоёрдугаар сараас хоёр жилийн хугацаатай Завхан аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Дээрх байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, орон нутгийн оролцоот байгууллагуудтай хамтын ажиллагааг уялдуулах, туршилтын төслийн үр дүнг хэлэлцэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана тэргүүтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа.

Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын туршилтын хөтөлбөрийн эхний шатанд зудын эрсдэл өндөртэй Баянтэс, Тэс, Их-Уул, Тосонцэнгэл сумдын 0-5 насны 2729 хүүхэд хамрагдаж 2019 оны арванхоёрдугаар сард  тус бүр 40 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг хүүхдийн мөнгөний дансаар нь дамжуулан олгосон юм. Завхан аймаг туршилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн тул хоёрдугаар шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны хоёр, гурав, дөрөвдүгээр сард хөдөөгийн 23 сумын 6816 хүүхдэд тус бүр 60 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгосон нь байгаль цаг уурын цочролын үед хүүхдэд чиглэсэн чухал хөрөнгө оруулалт болсныг онцоллоо.

 

“Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төсөл нь малчдын нийгмийн даатгалын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний бизнесийн санаа, хоршооны үйл ажиллагааг сайжруулах, хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийг ашиглах замаар  хамрагдалтыг нэмэгдүүлж, малчин өрхийн ган, зуд гэх мэт байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх, цочролын дараахь нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр банк, бусад хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна малчдад чиглэсэн амьдрах ухааны болон бизнес эрхлэлтийн сургалтуудыг зохион  байгуулна.

Түүнчлэн орон нутгийн малчдын байгуулагын хөрөнгө, чадавхийг бэхжүүлэх замаар залуу болон өрх толгойлсон, эмзэг бүлгийн малчин өрхүүдийн эрсдэлийг даван туулах чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.  Нийгмийн харилцааны хүрээнд залуу болон өрх толгойлсон, эмзэг бүлгийн малчин өрхүүдийг орон нутгийн малчдын байгууллагад нэгдэх хамтын менежментийн арга барилд сургах бол бүтээмжит үйлдвэрлэлийн хүрээнд болзошгүй байгаль, цаг уурын эрсдэлийг даван туулах чадамжтай мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зохистой дадлыг нэвтрүүлж оролцооны аргад суурилсан сумдын гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлчээрийн менежментийг сайжруулах төлөвлөлтөд техник туслалцааны дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг орон нутагт анх удаа, тэр дундаа Завхан аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-07-03 15:50:41