МАНЛАЙ СОЁЛЫН ТӨВҮҮД ШАЛГАРЛАА
1377 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд оруулах соёлын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээг олон төрөл, шинэлэг хэлбэрээр хүргэх, соёлын төв, соёлын ажилтан, уран бүтээлчдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, тэдний ажлын үр дүнг үнэлж, шилдэг хамт олон, шилдэг соёлын ажилтныг шалгаруулж урамшуулах зорилгоор 23 сумын соёлын төвийн дунд Фургон автомашины болзолтой  “Манлай соёлын төв” шалгаруулах уралдааныг 2019 оны есдүгээр сараас 2020 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Уралдааныг үндсэн таван үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд тогтвортой үйл ажиллагааг 15 хувь,  шинээр санаачилан хэрэгжүүлсэн үйл ажиллагааг 25 хувь, иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр хийсэн үйл ажиллагааг 30 хувь, ард иргэдийн зүгээс өгч буй үнэлгээг 15 хувь, хамт олны багийн үйл ажиллагааг 15 хувиар тус тус тооцож, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Төв номын сан, Музей үнэлж, сар бүрийн үнэлгээгээ аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэгт танилцуулж, сумын Соёлын төвүүдэд хүргэж ажиллалаа. Уралдааны явцад аймгийн Засаг даргын “Ард иргэдээ  сонсох аян”-ы үнэлгээ болон хэрэглэгчийн үнэлгээг дөрвөн удаа хийж, БСУГ-аас гурван удаа Соёлын төвүүдэд зөвлөн тусалж, уралдааны хэрэгжилттэй танилцаж ажилласан байна.

          Аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаагаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж уралдааныг бага онооны системээр дүгнэсэн ба номын сангийн уншигчдын тоо, бүтээлч ажил, уралдааны үеийн орлого, соён гэгээрүүлэх ажлын тайлан мэдээлэлд хяналт үнэлгээ хийжээ. Уралдааны нэгдсэн шалгаруулалтыг 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж, ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг болон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталлаа.

 

Тэргүүн байранд Алтан гадас одонт Их-Уул сумын Соёлын төв шалгарч УАЗ фургон авто машинаар, дэд байранд Асгат сумын Соёлын төв шалгарч зөөврийн комюьютерээр, гуравдугаар байранд Идэр сумын Соёлын төв шалгарч суурин компьютерээр тус тус шагнагдсан бол тусгай байрт Түдэвтэй, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сантмаргаз сумууд шалгарч тус бүр Өргөмжлөл 500 мянган төгрөгөөр шагнууллаа.

 

           Шилдэг соёлын төвийн эрхлэгчээр Тэс сумын соёлын төвийн эрхлэгч С.Мартбаяр, шилдэг музейн ажилтнаар Сонгино сумын Соёлын төвийн музейн ажилтан Н.Цэрэн-Очир, шилдэг номын санчаар Дөрвөлжин сумын Соёлын төвийн номын санч Р.Өлзийжаргал, шилдэг хөгжмийн багшаар Шилүүстэй сумын Соёлын төвийн хөгжмийн багш Б.Одонхүү шалгарсан, шилдэг үйлчилгээний ажилтнаар Цагаанхайрхан сумын Соёлын төвийн үйлчлэгч Б.Дашжаргал нар шалгарлаа. 

 

          Шилдгээр шалгарсан Соёлын төвүүд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан олон шинэлэг ажлыг санаачилан зохион байгуулжээ. Мөн сумын Соёлын төвүүд угтах үйлчилгээ, хог ангилан ялгах сав, бэлтгэл өрөөний тохижилт, ус ариун цэврийн байгууламжийн шинэчлэлт зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн байна.

 

          Завхан аймгийн 23 сумын Соёлын төвүүдийн дунд анх удаа фургон авто машины болзолтойгоор зохион байгуулсан энэхүү уралдааны үр дүнд сумын Соёлын төвүүдийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан, ард иргэдээ соён гэгээрүүлэх шинэлэг ажлууд олноороо нэмэгдсэн, соёлын ажилтан, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар сайжирчээ.

 

 

2020-07-13 13:54:10