Цар тахлын үед гэрийн нөхцөлд суралцаж байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх, сургалтын орчин бүрдүүлэхийг дэмжих, ард иргэд хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, номтой нөхөрлөх, ном унших дадлыг хэвшүүлэх, номыг дээдэлж цуглуулдаг, хамгаалж хадгалдаг, номын булан тавиур, номын сан бий болгосон айл өрхийг сурталчлан таниулж, тэдний туршлагыг түгээн дэлгэрүүлж алдаршуулах зорилготойгоор “Ном уншлагыг идэвхжүүлэх, өрхийн номын сангийн тохижилтыг дэмжих” цахим аяныг нэг сарын хугацаанд хоёр үе шаттай зохион байгууллаа. Тус аяны хүрээнд 19 сумын 46 өрх идэвхтэй оролцож, тэргүүн байранд Улиастай сумын Товцог багийн иргэн Б.Түдэвваанчигийн гэр бүл шалгарав. Эднийх гэртээ 105 ширхэг номтой “Номын булан”-тай болж, телевизгүй, интернэтгүй орчныг шийдсэнээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, амьд харилцааг бий болгожээ. Дэд байранд Түдэвтэй сумын иргэн Баасандоржийн Баярсайханы гэр бүл шалгарлаа. Энэ өрхийн номын сан 200 орчим номтой, гэр бүлээрээ долоо хоног бүр бооцоот уншлагын тэмцээн зохион байгуулж, тэмдэглэл хөтөлж, идэвхтэн уншигчаа шалгаруулж шагнадаг болжээ. Мөн дэд байранд Идэр сумын Цэцэрлэг багийн иргэн Т.Баянтөр, гуравдугаар байранд Тэлмэн сумын иргэн Т.Гантулга, Алдархаан сумын иргэн Л.Самдан, Отгон сумын иргэн Ж.Ням-Очир, тусгай байранд Сонгино сумын иргэн П.Оргодол, Тосонцэнгэл сумын иргэн Д.Жамъяндоржийн өрхийн номын сан тус тус шалгарч “Оюунлаг гэр бүл” боллоо.