Аймгийн Онцгой комисс 2020 оны зургаадугаар сард цаг үеийн асуудлаар дөрвөн удаа хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллав. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлсэн хугацааг сунгах тухай аймгийн Засаг даргын захирамжууд гарч, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, орчны эрүүл аюлгүй байдлыг хангах хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын 2020 оны долдугаар сарын 02-ны өдрийн А/277 дугаар захирамжаар хүүхдийн тоглоомын газар /компьютер тоглоомын газруудаас бусад/, спорт заал, биллиар, караоке, бар /диско барнаас бусад/, шашин, соёлын үйл ажиллагаа болон үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн явуулахыг зөвшөөрөв. Зоогийн газар /ресторон, кафе/-ыг архи согтууруулах ундаагаар үйлчлэх эрхийг нээж, үйл ажиллагааг 00:00 цаг хүртэл явуулахыг зөвшөөрч, өдөр тутмын үйл ажиллагааг дуусах хүртэл халуун хоол, цайгаар үйлчлэх боломжийг хангаж ажиллах, дэлгүүр, худалдааны цэгүүдийг 06:00-00:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрч, тэтгэвэр тэтгэмж авч буй иргэдийн мөнгийг саадгүй, хүндрэл учруулахгүйгээр олгохыг тус тус үүрэг болгов.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ