Завхан аймаг “Сайн малчин” дэд хөтөлбөр боловсруулан баталж дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр малчдын зөвлөгөөнөө зохион байгуулж, малчид, мал аж ахуйн салбарт тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, харилцан туршлага солилцдог билээ. Энэ жилийн зөвлөгөөнийг 2020 оны есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын үр ашгийг сайжруулах, малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн “Асуудал-Шийдэл” зөвлөгөөн, “Таван-Эрдэнэ” фестивалийн нээлт өнөөдөр “Морин туурайн хясаа”-нд болж аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава, Европын холбооноос монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа хариуцсан Захирал Пьер Ив-Люка, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон ХХААХҮЯ-ны төлөөлөл, 300 гаруй малчин оролцлоо.
“Таван-Эрдэнэ” фестивалийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан нээж үг хэлэхдээ: “Завхан аймаг “Сайн малчин” дэд хөтөлбөрийнхөө хүрээнд олон ажлуудыг санаачилан зохион байгуулж байна. Тухайлбал, Улсын хэмжээнд анх удаа 24 сумандаа малын эрүүл мэндийн цахим системийг нэвтрүүлснээр малчдын орлого нэмэгдэж байна. Малын ашиг шимийг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор сум бүрт жижиг үйлдвэр байгуулах зорилт тавьж, сүүлийн 4 жилийн хугацаанд 100 гаруй жижиг үйлдвэр байгуулагдлаа. “Таван-Эрдэнэ” фестивальд 24 сумын үйлдвэрлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид хүрэлцэн ирж оролцож байна. Жил бүр малчдынхаа санал хүсэлтийг сонсож ажилласны үр дүнд НҮБ-тай хамтран ажиллаж “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү шинэ төслийг 2020 оны 2 сарын 18-ны өдөр Улиастай хотод нээж байсан бол өнөөдөр 9-р сарын 18-ны өдөр, долоон сарын дараа бид Завхан аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн “Таван-Эрдэнэ” фестивалиа зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэ үеэр малчид түүхий эдээ хэрхэн чанартай бэлтгэх, хэрхэн стандартжуулах зэрэг олон чухал мэдээллийг өгнө. Малын үүлдэр угсааг сайжруулах, малын генетик нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр найман үүлдрийн хээлтүүлэгч мал, сум сумын шилдэг хээлтүүлэгч мал үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Завхан аймгийн эдийн засгийн үндсэн салбар болох мал аж ахуйн салбарт ахиц дэвшил гарсан томоохон үйл ажиллагааг Олон Улсын байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэхүү үйл ажиллагааг хүндэтгэн ирж оролцож буй зочид төлөөлөгчдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ өдрүүдэд мөн Завхан нутагт олон сайхан арга хэмжээ болж байна. Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Завхан нутгаас төрсөн улсын начин Ш.Пүрэвгарьд, Т.Дүгэрдорж нарынхаа цолны мялаалга наадмыг өргөн дэлгэр зохион байгуулж байна...” гэлээ.
Энэ үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа хэлэхдээ: “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төсөл агуулгын хувьд ч, олон улсын байгууллагуудтай хамтарсан анхны төсөл гэдгээрээ ч онцлог. Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах замаар эдийн засгийн хувьд идэвхтэй эд эс болоход нь түлхэц үзүүлэн цочролд өртлөө гэхэд халамжаар тэтгэгдээд байх бус бэлэн байдлаа хангасан байхад сургах нь төслийн зорилго юм. Сүүлийн жил гаруй хугацаанд хөдөлмөрч, тууштай иргэдтэй Завхан аймагт амжилттай хэрэгжсэн төсөл цаашид улс орон даяар хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Мал аж ахуй дагасан үйлдвэрлэлийг улс орон даяар хөгжүүлж, малчин хүн бол бизнес эрхлэгч гэдгийг харуулах цаг үед бид ирээд байна” хэмээв.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа: “Ковид -19 халдвараас үүдэлтэйгээр эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа энэ үед ганцхан хөдөө аж ахуйн салбарт л өсөлт гарлаа. Энэ нь МАА-н салбарт дэмжлэг үзүүлэх замаар малчдын санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй болохыг харууллаа. Хамтарсан төслийн хүрээнд аливаа эрсдэлийг даван туулах чадвар, малчдад малын “шилэн” сонголт, тохируулан сонголт, тэжээллэг, арчилгаа, маллагааны технологийн талаарх мэдлэгийг олгож байна. Үр дүнд нь илүү ашиг шимтэй, бүтээмж өндөртэй цөөн малаас чанартай түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж малчдын орлого нэмэгдэх бөгөөд цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгаль орчиндоо ээлтэй байх юм” хэмээн онцлов.
Завхан аймгийн байгаль цаг уурын онцлогт дасан зохицсон үржлийн шилмэл үүлдэр, омгийн малыг танилцууллаа. Ингэснээр малын чанарыг сайжруулах, зах зээлийн үнэ, ашиг шимийг нь нэмэгдүүлж улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, аливаа байгаль цаг уурын эрсдэл, гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд дэм болох юм. Энэ үеэр мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа Тэс, Отгон, Их-Уул сумын 15 малчин өрхөд үржлийн хуц, ухна хүлээлгэн өглөө.
Түүнчлэн үзэсгэлэн худалдаанд дотоодын ноос, ноолуур, арьс шир үйлдвэрлэгч Говь, Дархан нэхий, Монгол ноос, Эрдэнэт хивс, Монгол текстиль компаниуд оролцож өөрсдийн бүтээгдэхүүн болон түүхий эдийн чанар, шаардлага, стандартын талаар малчид, зочид, төлөөлөгчдөд танилцуулж байна. Ийнхүү дотоодын үйлдвэрлэгчид өөрсдийн түүхий эдийн чанарын шаардлагыг танилцуулснаар малчид зах зээлд нэг алхам ойртож байгаа юм.
Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж буй энэ цаг үед малчид тоо биш чанарт анхаарах, цөөн тооны чанартай малыг эдийн засгийн эргэлтэд оруулан байгаль орчин, бэлчээрээ хамгаалж, цочролд бэлэн, дасан зохицох чадвараа нэмэгдүүлэх нь нэн чухал ач холбогдолтой юм.
Маргааш буюу 9-р сарын 19-ний өдөр аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний танилцуулга, загварын үзүүлбэр, Завхан аймгийн 24 сумын бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Биеийн тамир, спортын газарт үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно.
12:00-18:00 цагт Төв Цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, 19:00 цагт Үдшийн цэнгүүнийг тус тус зохион байгуулна.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ